Бат-Эрдэнэ.Б 2017.08.29 | Eagle.mn

Б.Бат-Эрдэнэ: Би хариуцлага хүлээнэ

Б.Бат-Эрдэнэ: Би хариуцлага хүлээнэ

Ховд аймгийн нутаг дэвсгэрт орших Ховд голд гурван цэрэг осолдож амиа алдсан тухай мэдээлэл гараад байгаа. Энэ талаар УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-Таны хариуцаж буй салбарт хариуцлага сул байна гэх шүүмжлэл байсхийгээд гардаг. Он гарсаар долоон цэрэг амиа алдсан, Тавантолгойн цэргийн сургуулилалтын хээрийн баазад гранат дэлбэрсэн гээд асуудал байна. Үүнд та тайлбар өгөхгүй юү?

-Тогтолцооны хувьд нийгэм сайн ойлгохгүй зүйлүүд байна. Хуучин цэргийн удирдлагатай, ЗХЖШ-ын дарга нь Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд бөгөөд ЗХЖШ-ын дарга байх үеийнх шиг ойлголт нийгэмд байгаад байна. 1996 онд тэр үеийн улстөрч, сайд энэ салбарт иргэнийг хяналтыг тавих төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготойгоор томилогдсон. Харин 2016 оны есдүгээр сард УИХ Батлан хамгаалахын тулгуур багц хуулиудыг баталсан. Энэ хуулиар батлан хамгаалах, цэргийн салбарын удирдлагуудыг маш тодорхой болгож өгсөн юм.

Өмнө нь ерөнхийлсөн заалтууд байсан бол энэ удаа төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх субьектууд нь ерөнхий командлагч, Засгийн газар, хариуцсан салбарын сайд байхаар хуульчилсан. Мөн цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ хэрэгжүүлэх, энэ томилгоо тус штабын даргаас эхлээд бүх төрлийн цэргийн командлал, ЗХЖШ-ын орлогч нарыг тус штабын дарга томилдог. Харин салбарын сайд Засгийн газрын яам агентлагийг тодорхой хуулийн хүрээнд ажиллаж байна уу гэдгийг болон төсвийн зарцуулалтыг хянана. Үнэхээр энэ салбарт хариуцлага суларсан гэдэгтээ санал нэг байна. Энэ асуудлыг би УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанд мэдээлэл өгч, тодорхой асуудлыг гаргаж тавь байсан. Тиймээс энэ салбарт ажил авсан цагаас хойш ямар нэг ажил алба асуудлыг нуухгүйгээр иргэний хяналтыг тавих үүргийн хүрээнд гаргаж  байгаа. ЗХЖШ-д ч ийм шаардлага тавьж байгаа.

Уржигдар орой Ховд аймгийн ЗХ-ний анги байгууллагын цэргийн ангийн алба хаагчид Ховд голд усанд осолдсон тухай мэдээллийг надад өгсөн. Холбогдох албаныхан шуурхай ажиллаж, өчигдөр өглөө 06.00 цагт ЗХЖШ-ын байгуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллахаар явсан. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. ЗХЖШ-ын даргын мэдээлснээр дайчилгааны нөөцийг барьж байх ёстой. Энэ хүрээнд Ховд аймагт улсын дайчилгааны 2500 мал өвөлжих учиртай. Тиймээс жил бүр малаа өвөлжүүлэх зорилгоор тухайн анги байгууллагын цэргийн алба хаагчид ажиллаж байсан юм байна. Энэ жилийн хувьд зуншлага тааруу байгаа учраас зөвшөөрөл аваад хадлан бэлтгэж байсан юм билээ. Одоогоор нарийн тодорхой мэдээлэл ирээгүй байна.

-Цэргүүд амь эрсэдсэн асуудалд та хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү?

-Хариуцлага хүлээнэ. Бид бүх төвшинд хариуцлага хүлээнэ. Цэргийн мэргэжлийн удирдлагыг ЗХЖШ, түүний дарга хэрэгжүүлдэг. Хуулиар ЗХЖШ-ын дарга зэвсэгт хүчин, цэрэг, түүний сахилга, бэлэн байдал, осол, аюулгүй байдлыг хариуцдаг. Тиймээс шат шатандаа хариуцлага яригдана. Албаны ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа энэ асуудал яригдана.

Хариуцлага хүлээнэ. Бид бүх төвшинд хариуцлага хүлээнэ. Цэргийн мэргэжлийн удирдлагыг ЗХЖШ, түүний дарга хэрэгжүүлдэг. Хуулиар ЗХЖШ-ын дарга зэвсэгт хүчин, цэрэг, түүний сахилга, бэлэн байдал, осол, аюулгүй байдлыг хариуцдаг. Тиймээс шат шатандаа хариуцлага яригдана. Албаны ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа энэ асуудал яригдана.

-УИХ-ын нэр бүхий 30 гишүүн Засгийн газрыг огцруулах албан бичгийг өргөн барилаа. Тогоон дотор нь ажиллаж буй хүний хувьд та энэ асуудалд байр сууриа илэрхийлээч. Мэргэжлийн Засгийн газар нэг жилийн дотор үйл ажиллагааг нь дүгнэхэд богино хугацаа гэх нэг хэсэг байна. Нөгөө талд нэгэнт муу ажиллаж байгаа үед огцруулах шаардлагатай гэх байр суурь ч байна л даа?

-Парламентын засаглалтай улс орнуудад Засгийн газарт хариуцлага тооцох, огцруулах асуудал нээлттэй. Өмнө нь олон Засгийн газарт хариуцлага тооцож байсан. Энэ удаа Засгийн газрыг огцруулах асуудлаар 30 гишүүн гарын үсэг зурж, өргөн барьсан. Хуулийн хугацаанд асуудлыг хэлэлцэх байх. Засгийн газрын кабинетын гишүүний хувьд би нэг жилийн хугацаанд гүйцэтгэх засаглал боломжийн түвшинд ажилласан гэж бодож байна. Ялангуяа эдийн засгийг тогтворжуулах, тодорхой хэмжээний өсөлт бий болгох чиглэлд ажлууд хийсэн. Үр дүн нь ч эхнээсээ гарч байгаа. Хасахтай байсан эдийн засгийг зогсоож, 5.3 хувийн өсөлт бий болголоо. Энэ хэрээр хөрөнгө оруулагчдын үнэмлэж нэмэгдсэн. Засгийн газарт алдаа дутагдал болоод ажил урагшлахгүй байгааг үгүйсгэхгүй. Энэ бүхнийг олон талаас нь авч үзээд шийдвэрээ гаргах хэрэгтэй.