Л.Оюун-Эрдэнэ 2017.08.24 | Eagle.mn

Л.Оюун-Эрдэнэ: Сайд болох эсэхэд хариулт өгөхөд эрт байна

Л.Оюун-Эрдэнэ: Сайд болох эсэхэд хариулт өгөхөд эрт байна
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ. Тэрээр энэ талаараа болон сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар тодруулга өгсөн юм.

-Гарын үсэг зурсан гишүүд ямар шалтгаанаар Засгийн газрыг огцрох ёстой гэж үзсэн бэ?

-УИХ-дахь МАН-ын бүлгийн гишүүдээс асуулгүй өнөөгийн Засгийн газрын гишүүдийн томилгоог явуулсан. Энэ нь өөрөө сайд нар УИХ-ын гишүүдэд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх нөхцөлийг үүсгэсэн. УИХ-ын гишүүдийн саналын эсрэг Засгийн газар маш олон эргэж буцсан шийдвэр гаргаж ажиллалаа. “Приус”-ын татвар нэмнэ, нэмэхгүй. ОУВС үүнийг тэгж шийд гэчихээд дараа нь өөр зүйл ярьдаг. Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар иргэдийн 70 орчим хувь нь Засгийн газар хангалттай ажиллахгүй байна гэж үзсэн. Гэтэл Ард түмэн өөрсдөө Засгийн газарт дүн тавьчихсан учраас бид цаг алдахгүйгээр үүнийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн юм. Ингэж чадахгүй бол 2020 онд ард түмэн бидэнд ямар дүн тавих вэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хар. Парламентад 65 суудалтай Засгийн газар Үндсэн хуулийг дангаараа өөрчлөх, томоохон реформууд хийх, эдийн засгийн тэргүүлэгч чиглэлүүдийг тодорхойлж гаргах зэрэг хурдацтай, далайцтай, зангарагтай ажиллах учиртай. Гэтэл Засгийн газар ингэж ажиллаж чадахгүй байна.

Гомдоод байх хэрэггүй. Одоо харин бид маш хурднаар дараачийн Засгийн газрыг байгуулах хэрэгтэй байна.
-АН-ын алдааг давтах нь гэх шүүмжлэл гарч байна. Алдааг нь засч залруулаад гүйцэтгэх засаглалыг ажиллуулж болдоггүй юм уу?

-Бонд, Монголбанк, Хөгжлийн банктай холбоотой асуудлуудад хэрхэн хариуцлага тооцов. Энэ бүхэн чинь эргээд Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байгаагийн л жишээ. Нийслэлд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй маш олон хүүхэд байхад Засгийн газар нь танхмийнхаа гишүүдэд концесс хуваарилаад сууж байна. Бид АН-ын Засгийн газраас ер нь ялгарч чадаж байна уу. Тойрогтоо очоод иргэдийн нүүр рүү харахад ч хэцүү байна. Алдааг бусдаас битгий хайгаач ээ гэж хэлье. Вакум орчноосоо гарч, алдааг өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Өнгөрсөн нэг жилээ эргээд хар. Цаг хугацаа байсан. Гомдоод байх хэрэггүй. Одоо харин бид маш хурднаар дараачийн Засгийн газрыг байгуулах хэрэгтэй байна.

-Та сайд болох уу?

-Дараачийн Засгийн газар хууль ёсныхоо дагуу бүрдээд явна. Тодорхой хүмүүс нь Засгийн газраа бүрдүүлээд ажиллах учиртай. Тэдний дүнг ард түмэн л тавина. Миний хувьд өнгөрсөн хугацаанд дэд сайд тэргүүтэй бусад албан тушаалууд дээр оролцохгүй гэсэн байр суурь илэрхийлсээр ирлээ. Энэ удаа ч би ийм итгэл үнэмшлээ илэрхийлсэн. Үүнийг албан тушаалын төлөө гэж харах хэрэггүй. Харин ард түмний төлөө жинхэнэ мэргэжлийн түвшинд ажиллах сайн баг бүрдэх хэрэгтэй. Нэр хүндийнхээ хувьд, Ерөнхий сайд ядаж л эхний 10 улс төрчид багтаж баймаар байна. Төрийн гурван өндөрлөгийн нэг шүү дээ. Төрийн сайд нар нь ч тэр, олон нийтийн дунд явуулсан судалгаагаар эхний 30 дотор бичигдэж байдаг улс төрч л баймаар байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг орон нутагт иргэд танихгүй байна.

-Та тэгээд сайд болно гэсэн үг үү?

-Сайд болох эсэх дээр хариулт өгөхөд эрт байна.

-Таныг Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан гэх яриа гараад байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-МАН-ын нэг ч гишүүн эсрэг ажиллаагүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдье.Д.Амарбаясгалан генсекийн хэлдгээр хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж ажилласан. Ийм их хэмжээний хөрөнгө санхүү, цаг гаргасан сонгууль болж байсныг би өмнө нь мэдэхгүй. Бүгд чадлаараа зүтгэсэн. Сонгуулийн үед бүлх залгисан мэт чимээгүй байсан нөхөд сонгуулийн дараа бүлтрэх хэрэггүй. Сонгуульд ялагдсан үндсэн шалтгаан бол УИХ-ын даргаар М.Энхболд өөрөө ажиллах болсон явдал. Би анхдугаар чуулган дээр ганцаараа эсрэг санал өгч байсан. 65 суудал өгсөн ард түмний итгэл найдварыг М.Энхболд өөрөө Ерөнхий сайд болж хариулах ёстой байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийг бодож, томилгоон дээр алдаа гарсан. Хаваржаандаа буугаагүй байж, намаржаандаа буух асуудлыг өөрөө бодсоноос л болж асуудал ингэж хурцдаад байна.

-Шадар сайд У.Хүрэлсүх, Б.Баатар нарын утасны ярианд таны нэр дурдагдсан. Энэ тухайд?

-Би гар утас тагнаж, чагнадаг байгууллагын хүн биш. Хоёр хүн утсаар яриа л биз. Нэг утасны ярианаас болоод Ерөнхийлөгчийн сонгуульд унажээ гэж дүгнэж болохгүй. Б.Баатар манай ах. Бид хоёр хожим танилцахад Х.Баттулга тэр хоёр ойрын танил байсан. У.Хүрэлсүх “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт нь ороод, тэд найз байсан. Тэгж ярих юм бол сонгуулийн үеэр “Бүрэн зураглал” нэвтрүүлэг гээд хамгийн их холбогдсон хүн М.Энхболд дарга өөрөө. М.Энхболд дарга, Б.Баатар хоёрын утасны яриаг бас гаргаж тавь л даа.