М.Оюунчимэг: Залуусыг Япон руу дадлагажигчаар явуулах асуудал шийдэгдсэнд баяртай байна
2017.04.13

М.Оюунчимэг: Залуусыг Япон руу дадлагажигчаар явуулах асуудал шийдэгдсэнд баяртай байна

УИХ-ын гишүүн гишүүн М.Оюунчимэгээс нэг асуултад хариулт авлаа.

-Японд дадлагажигч илгээх асуудал өнгөрсөн сонгуулийн хамгийн маргаантай хэрнээ үнэхээр явуулах уу, үгүй юу гэдэг эргэлзээг төрүүлсэн халуун сэдэв байсан. Өнөөдөр харин энэ асуудал шийдэгдсэн байна. Шаардлагатай төсөв мөнгөний талаас ч асуудлыг шийдэж, бодит ажил хэрэг болгоход таны байнгын хороо болон намын бүлэгтээ оруулсан санал хувь нэмрээ өглөө. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Япон улсад нарийн мэргэжлээр дадлагажигч илгээхтэй холбоотой асуудал хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байсан. Тэр үедээ энэ асуудал шийдэгдээгүй байхад өнөө маргаашгүй явуулах гэж буй мэтээр мэдээлснээс болж олон мянган залуус сэтгэл санаа, зарим тохиолдолд материаллаг байдлаар хохирч үлдсэн. Харин энэ асуудлыг бодит ажил хэрэг болгохын төлөө бид тууштай ажиллалаа.

50 мянган залуу Японд нарийн мэргэжлээр дадлагажигчаар хоёр жил суралцаад буцаад эх орондоо ирж ажиллах, олимпийн бүтээн байгуулалтад оролцох зэрэг өргөн боломж бүрдэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Улсын их хурлын дарга М.Энхболд нарын Япон улсад хийсэн айлчлалын үеэр иргэдийн хүсэн хүлээж байсан энэ асуудлыг Японы парламенттай эцэслэн шийдсэн.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр энэ асуудлаар Японы талтай гэрээ хэлэлцээр хийсний үр дүнд одоо 50 мянган залуу Японд нарийн мэргэжлээр дадлагажигчаар хоёр жил суралцаад буцаад эх орондоо ирж ажиллах, олимпийн бүтээн байгуулалтад оролцох зэрэг өргөн боломж бүрдэж байгаа юм.

Тиймээс манай талын хүлээсэн үүргийн дагуу энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулах, иргэдээ мэдээллээр хангах, Японы талтай хамтран ажиллах нэг цэгийн үйлчилгээ байгуулахад 288 сая төгрөг төсөвт суулгасан байсан.

Гэвч ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дагуух төсвийн тодотголоор энэ санхүүжилтийг унагасан байсныг бид босгож байнгын хороо болон бүлгээр дахин хэлэлцэн, санал оруулсны үр дүнд санхүүжилтийг хэвээр үлдээлээ. Ийнхүү сонгогч олныхоо өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэхийн төлөө ажиллаж байна.