Цаазаар авах ял ба ядуурал
2017.10.10

Цаазаар авах ял ба ядуурал

Жил бүр цаазаар авах ялыг хэрэглэдэг улс орнууд цөөрсөөр байна. Дэлхийн энэ чиг хандлагатай цаазаар авах ялыг хэрэглэж байгаа тэдгээр орнууд нэгдэх ёстой хэмээн Цаазаар авах ялын эсрэг 15 дахь удаагийн Дэлхийн өдрөөр Эмнести Интернэшнл өгүүллээ. 

1977 онд бүх засгийн газраас “Төр эрх мэдлээ ашиглан хүний амийг авахад бусад бүх эрх халдашгүй байдлаа алдана. Төр хүнд амь нас өгч чадахгүйгээс хойш амийг нь авахаар санаархах ёсгүй” хэмээнцаазаар авах ялыг бүрэн халахыг уриалсан олон улсын анхны тунхаг бичиг болох Стокольмын тунхаглал батлагдсаны 40 жилийн ой 2017 онд тохиож байна.  
Тунхаглал гарах үед Америкт 8, Европт 8 нийт зөвхөн 16 улс цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халсан байсан бол энэ тоо өнөөдөр 105-д хүрээд байна. Бусад 36 улс хуульд нь байгаа ч хэрэглээгүй, зарим нь ердийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг хүчингүй болгосон.

2016 онд 23 улс цаазаар авах ял гүйцэтгэсэн ба Хятад, Иран, Саудын Араб, Ирак, Пакистан зэрэг цөөн тооны орнууд ихэнх ялыг гүйцэтгэжээ.

Энэ жилийн Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн өдрөөр ядуурал ба цаазаар авах ялын хоорондын харилцан хамааралд анхаарал хандуулж байна.
Нийгэм эдийн засгийн хувьд эмзэг бүлгийн хүмүүст эрүүгийн шүүн таслах ажиллагаа харилцан адилгүй үйлчилдэг ба тэдэнд ихэвчлэн цаазаар авах ял хэрэглэж байгааг судалгаа харуулсан.  
Хятад дахь цаазаар авах ялын хэрэглээний тоо баримтаас харахад цаазаар авах ял нь ядуу, боловсролын түвшин багатай болон арьсны үзэл, үндэстэн, шашны цөөнхийн эсрэг харилцан адилгүй хэрэглэгддэг байж болзошгүй байна.  
Саудын Арабт 1985 оны 1-р сараас 2015 оны 6-р сарын хугацаанд цаазаар авахуулсан хүмүүсийн 48.5 хувь нь гадаад иргэд байсан ба дийлэнх нь Араб хэл мэддэггүй цагаач ажилчид байв. Тэднийг шаардлагатай хэлмэрчээр хангаж өгөөгүй байна. Мөн элчин сайдын яамд болон консулын газарт нь баривчлагдсан талаар нь яаралтай мэдэгддэггүй ба цаазаар авах ял гүйцэтгэх талаар гэр бүлийнхэнд нь урьдчилан хэлдэггүй, шарилыг нь оршуулуулахаар өгдөггүй аж.   

Цаазаар авах ялын эсрэг Эмнести Интернэшнлийн 40 жилийн кампанит ажил 

1977 оноос хойш Эмнести Интернэшнл нь цаазаар авах ялыг түүхэнд үлдээх дэлхийн чиг хандлагад олон талаар хувь нэмрээ оруулж ирсэн. Үүнд:
  • Цаазаар авах ял оногдуулсан, гүйцэтгэсэн талаарх дэлхий дахины тоо баримт, мэдээг багтаасан жил бүрийн статистик судалгаа гаргаж;
  • Цаазаар авах ялын эсрэг кампанит ажил өрнүүлж;
  • Улс орнууд дахь цаазаар авах ялыг халахыг дэмжиж;
  • Цаазаар авах ялын хэрэглээг хязгаарлаж, халах зорилгыг бэхжүүлэхэд олон улсын хууль хэм хэмжээг хөгжүүлэхэд туслаж;
  • 2007 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас хоёр жил тутам гаргаж байгаа цаашид цаазаар авах ялыг халах зорилгоор гүйцэтгэлийг түдгэлзүүлэх тухай НҮБ-ын тогтоолууд батлагдахад чухал үүрэг гүйцэтгэж;
  • Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн эвсэлтэй хамтран ажиллах зэргээр цаазаар авах ялыг халах дэлхийн хөдөлгөөнийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан.
 
Эмнести Интернэшнлээс цаазаар авах ялыг хэрэглэж байгаа бүх улс орнуудад хандан цаазаар авах ялын гүйцэтгэлийг албан ёсоор түдгэлзүүлэх, цаашид цаазаар авах ялыг бүрэн халахыг уриаллаа.
2017 онд Монгол улсад цаазаар авах ялыг түүхэнд үлдээсэн шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн баМонголын Эмнести Интернэшнл, түүний дэмжигчдийн 21 жилийн турш цуцалтгүй явуулсан кампанит ажлын үр дүнд энэ түүхэн чухал үйл явдал тохиолоо.     
Эмнести Интернэшнл нь цаазаар авах ялыг бүх тохиолдолд буюу гэмт хэргийн мөн чанар, нөхцөл байдал, хувь хүний гэм буруутай эсэх, цаазаар авах ялыг гүйцэтгэдэг арга хэрэгслээс үл хамааран эсэргүүцдэг. Цаазаар авах ял нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд заасан амьд явах эрхийг зөрчдөг бөгөөд туйлийн хэрцгий, хүнлэг бус нэр төрийг доромжилсон ял шийтгэл юм.