т.бадрал 2017.10.16

Гамшгийн үед ажиллах 315 сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэх сургалт эхэллээ

Гамшгийн үед ажиллах 315 сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэх сургалт эхэллээ

Өнгөрсөн зун нийслэлийн ойр орчимд  гарсан түймэр болон бусад гамшгийн үед ажиллах сайн дураар ажиллах залуучууд олон байсан. Тэдний ихэнх нь гамшгийн бүсэд очих ажиллах хүсэлтэй боловч бэлтгэгдээгүй учраас өөрсдөө аюулд өртөж болзошгүй байв. Тийм учраас МУЗН Онцгой байдлын Ерөнхий газар хамтран гамшгийн үед ажиллах сайн дурынхныг бэлтгэх шаардлагатай гэж үзсэн юм.

Энэ дагуу санамж бичиг байгуулан болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд анхны болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг орон нутгийн түвшинд зохион байгуулах чадавхи бүхий сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэх сургалтыг зохион байгуулж эхлээд  байна.

Сургалтад орон нутагтаа  тогтвор суурьшилтай ажиллаж, амьдардаг, гамшгийн хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцож байсан, сайн дураар хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох хүсэл эрмэлзлэлтэй хүнийг сонгон “Сайн дурын бүлэг”-ийг байгуулах бөгөөд нэг бүлэг 15 хүний бүрэлдэхүүнтэй байна.

 Нийт 21 аймгаас 21 “Сайн дурын бүлэг” сургалтад хамрагдах ажээ.

Эхний ээлжинд Баян-Өлгий, Увс, Ховдоос ирсэн сайн дурынхан оролцож байна. Сургалтыг  алтай, хангай, орхон сэлэнгэ, говийн, зүүн, төвийн бүсээр ангилан ирэх 11 дүгээр сарын 26 хүртэл үргэлжлэн явагдана. Энэ хугацаанд 315 сайн дурын идэвхтэн сургагдах юм.

Сайн дурынхан гамшгаас хамгаалах дайчилгаа, зарлан мэдээлэл, мэргэжлийн анги, гүйцэтгэх үүрэг болон  газар хөдлөлт, салхи шуурга, эрс хүйтрэлтийн аюул, үер усны аюулаас хамгаалах арга хэмжээнүүд талаар суралцана.

Мөн олон улсын хориот өвчин, анхны тусламж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, сайн дурын үйл ажиллагаанд оролцогчдын ёс зүй зэрэг сэдвүүдийн хүрээнд хичээл заах юм. 

Сургалтыг МУЗН-ийн сургагч багш нар болон ОБЕГ-ын ГСХ-ийн ажилтан, хошууч Д.Содномрагчаа,  ОБЕГ-ын ГСХ-ийн ажилтан, дэд хурандаа С.Базаррагчаа  чиглүүлж байна.