Батзандан.Ж Саранчимэг.Б Оюунчимэг.М Цогтбаатар.Д 2017.10.17 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаа УИХ-ын ажлыг шалгана

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаа УИХ-ын ажлыг шалгана

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн (2017.10.17) хуралдаан 11 цаг 51 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг сонсов.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар танилцуулахдаа, “Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, хандлага; Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн асуудал; Цэргийн алба хаагч, ажилтны хөдөлмөрлөх эрхийн асуудал; Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт; Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал гэсэн таван асуудлыг илтгэлд авч үзсэн” гэлээ.

Мөн “Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, хандлага” хэсэгт хүүхдийн эрх, хамгааллын талаар хүүхэд, эцэг эх, олон нийтийн мэдлэг, хандлагын төлөв байдал, түүнээс үүдэн гарч буй хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэрүүд,  хүүхдийн эрхийн зөрчил гарч буй орчин зэрэг хүүхэд хамгааллын тулгамдаж буй зарим асуудлыг судалгаа, дүн шинжилгээний үр дүн, баримтад тулгуурлан авч үзсэн талаар тайлбарлалаа.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал, М.Оюунчимэг, Ж.Батзандан, О.Баасанхүү, Н.Оюундарь нар асуулт асууж, хариулт авсан.

Хуралдаан гишүүдийн саналаар үргэлжиллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар, “УИХ-ын эмэгтэй гишүүд нэгдэж хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалахад Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч ажиллана” гэдгээ мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

“Хүний эрхийн дэд хороог сард нэг удаа хуралдуулж, хүний эрхийн чиглэл бүрээр асуудлыг хэлэлцэж байх” саналтай байгаагаа илэрхийлэв.

Харин Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар

“Хүний эрхийн дэд хорооноос Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч Ажлын хэсэг гарган Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажлыг шалгана” гэлээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилов.

Хүний эрхийн дэд хороо үргэлжлүүлэн хаалттай горимоор хуралдаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.