Чинзориг.С Бат-эрдэнэ.Ж Баделхан.Х 2017.10.17 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Эдийн засгийн байнгын хорооноос Загсийн газрын гишүүдийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооноос Загсийн газрын гишүүдийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өчигдөр 14 цаг 53 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцсэн юм.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, О.Баасанхүү, М.Оюунчимэг, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан, Б.Жавхлан нар нэр дэвшигч болон Ерөнхий сайдаас асуулт асууж хариулт авлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва нар саналаа хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн Х.Баделханыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилуулах санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 14 нь буюу 87.5 хувь нь дэмжсэн юм.

Дараа нь Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар томилуулах саналыг хэлэлцэв. Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Д.Эрдэнэбат, Д.Дамба-Очир, Б.Энх-Амгалан, Б.Жавхлан, Б.Ундармаа нар асуулт асууж тодруулав. Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжив.

Үргэлжлүүлэн Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Дамба-Очир, Х.Болорчулуун, Б.Жавхлан, Б.Ундармаа, Д.Тэрбишдагва нар нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Л.Энх-Амгалан, Х.Болорчулуун, Б.Дэлгэрсайхан, Ц.Гарамжав нар үг хэлж байр сууриа илэрхийлэн нэр дэвшигчийг дэмжиж буйгаа хэллээ.

Ингээд санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг дэмжив.

Эцэст нь Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж дэмжлээ. Нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ц.Гарамжав, Л.Энх-Амгалан, Х.Болорчулуун нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Д.Тэрбишдагва нар санал хэлсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар томилохыг дэмжлээ.