Б.Алтантуяа: Цаазаар авах ял л зогсоож чадах мэтээр төөрөгдөлд оруулж болохгүй

Б.Алтантуяа: Цаазаар авах ял л зогсоож чадах мэтээр төөрөгдөлд оруулж болохгүй

"Эмнести Интернэшнл" ТББ-ын захирал Б.Алтантуяа

Өнгөрсөн сард зочид буудалд 13 настай охиныг хүчирхийлж, амь насыг нь хохироосон хэрэг намжаагүй байтал долоо хоногийн өмнө таван настай охиныг хүчирхийлсэн эсэх тухай дуулиан дэгдсэн. Харин энэ хэрэгтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч цаазын ялыг дахин сэргээх хуулийн ажлын хэсэг байгуулж байгаа гэдгээ мэдэгдсэн. Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа юм.

Харин Монгол  Улс цаазын ял сэргээснээр ямар үр дүнд хүрэх талаар хүний эрхийн “Эмнести интернейшнл” ТББ-ын захирал Б.Алтантуяагаас тодруулга авлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх хуульчийн ажлын хэсэг байгуулсан байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Цаазаар авах ялыг сэргээхээр оролдож байгаа нь хөгжлийн чиг хандлага, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаасаа ухарсан алхам боллоо. Олон нийтийн анхаарлыг гэмт хэргийн үндсэн шалтгааныг зогсооход илүү нөлөөлж чадах чухал хэрэгцээтэй, урт хугацааны шийдлээс холдуулж байгаа нь буруу үйлдэл юм.  НҮБ-аас явуулсан хэд хэдэн судалгаагаар ядуурал, тэгш бус байдал, тухайн улс орны хуулийг хэрэгжүүлэх чадавхи нь ихэнх улс оронд хүчирхийллийн төвшинд нөлөөлөх хүчин зүйлс болдог ба мөн хувь хүний нөхцөл байдал тухайн хүнийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг болохыг тогтоосон.

Гэтэл улс төрчид, эрх баригчид хүчирхийллийн гэмт хэргийн дараа, олон нийтийн бухимдал нэмэгдэх үед цаазаар авах ял гэмт хэргийг зогсооход чухал үр нөлөөтэй эсэх нь нотлогдоогүй атал сэргээхээр оролдох нь байж болшгүй зүйл.

Төр эрх мэдлээ ашиглан хүний амийг авахад бусад бүх эрхийн халдашгүй байдал алдагддаг. Төр хүнд амь нас өгч чадахгүйгээс хойш амийг нь авахаар санаархах ёсгүй.

-Цаазаар авах ялаас татгалзсанаар улс орнуудад ямар давуу тал бий болдог вэ?

Улс орнууд цаазаар авах ялыг хэрэглэж байгаагаа олон нийтийн аюулгүй байдлын төлөө хэмээн зөвтгөдөг. Гэвч үнэн хэрэгтээ цаазаар авах ял гэмт хэргээс сэргийлэх үр нөлөөгүй гэдэг нь нотлогддог. 

Гэмт хэргийн чиг хандлага, хэлбэр нь үндэсний онцлог, гэр бүл, хувь хүн гээд янз бүрийн төвшинөөс шалтгаалдаг.  Өөрөөр хэлбэл нийгэмд ядуурал тэгш бус байдал, ажилгүйдэл, архидалт их байгаа нь гэмт хэрэг өсөх, үзэн ядалтын хэрцгий гэмт хэргүүд гарах нь хүчин зүйл нь болж байдаг. Гэтэл уг хэрцгий гэмт хэргүүдийг цаазаар авах ял л зогсоож чадна гэж иргэдийг төөрөгдөлд оруулж болохгүй.

Иймээс яаж ажилгүйдлийг, ядуурлыг, архидалтыг бууруулах вэ, хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд бүрэн хамруулж, чанартай боловсрол олгох вэ гэдгээ хэлэлцдэг ярьдаг, ухаалаг, шийдлээ олоход анхаарал хандуулах хэрэгтэй.  

Өөрөөр хэлбэл цаазын ялгүй байснаар түр зуур аргацаах шийдлийг биш алсыг харсан ухаалаг шийдлийг гаргахад тусалдаг. Уур хилэнтэй, бухимдсан үедээ хэн ч ухаалаг оновчтой шийдвэр гаргаж чадахгүй нь ойлгомжтойн адилаар олон нийтийн бухимдлаар цаазаар авах ялыг сэргээх гэх нь нь яавч оновчтой шийдвэр биш.

Цаазаар авах ялыг халсан Канад улсад онц хүнд гэмт хэргийн гаралт 40-иар буурсан үзүүлэлттэй байдаг.  Монгол улсад ч гэсэн цаазын ялыг түдгэлзүүллээ гээд хүний амь насыг санаатайгаар алах гэмт хэргийн тоо өсөөгүй харин ч буурсан гэдгийг 2013-2016 оны  Монголын цагдаагийн байгууллагын статистикаас амархан харж болно.

Цаазаар авах ялыг халснаар улс төрийн  болоод өөр бусад зорилгоор хэлмэгдүүлэх, өшөө авах эрсдэл арилна. Өөрөөр хэлбэл 1930 оны их хэлмэгдүүлэлт шиг орчин үеийн хэлмэгдүүлэлтийн зэвсэг болгож ашиглаж чадахгүй.

Нийгэм эдийн засгийн хувьд ядуу, эмзэг бүлгийн хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, шударга бусаар шүүн гэмгүй хүн цаазлагдах эрсдэлийг хааж өгнө.

Мөн хилсээр хэрэг хүлээлгэсэн тохиолдолд нөхөн сэргээх боломжтой болно.

Монгол улсын төр залгамж халаа бүхий бодлоготой гэдгийг, олон улсын өмнө авсан амлалтандаа үнэнч, тууштай байх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чаддаг гэдгээ харуулах сайн талтай, цаашид олон улсын харилцаанд эерэг үр нөлөөтэй. 

Уг ялыг сэргээснээр ямар сөрөг үр дагавар авчирах вэ?

Цаазаар авах ялыг хэрэглэж байгаа улс орнуудын хувьд хилсээр шийтгэх тохиолдолд маш олон гарч байсан. АНУ-д 1973 оноос хойш 156 хүнийг цагаатгасан байгаа. Мөн ихэнх оронд энэ ялыг ядуу, нийгмийн эмзэг давхаргынханд оноодог.

Зарим улсад үндэсний цөөнхийнхөө эсрэг, эсхүл сөрөг хүчнээ нухчин дарах зэвсэг болгон хэрэглэдэг.  Үүнээс харахад цаазаар авах ялыг сэргээснээр улс төрийн зорилгоор, ялгаварлан гадуурхаж оногдуулахгүй гэсэн баталгаа байхгүй.

Мөн цаазаар авах ял байснаар асуудал шийдэгдэх мэтээр түр аргацаасан шийдвэр нь хүчирхийллийн тойргийг бий болгож, гэмт хэргийг тойрсон гол асуудал болох нийгмийн тэгш бус байдал, ядуурал, эрүүгийн шүүн таслах ажиллагаан дахь алагчлал,  чанаргүй боловсролын асуудал зэрэг гэмт хэрэгт нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүдээс анхаарлыг өөр зүгт хандуулдаг. Энэ нь цаашид бид хүчирхийллийн гэмт хэргээс ангид байж чадахгүйд хүргэж байна.

Өөрөөр хэлбэл 5 настай охиныг хүчирхийлсэн хүнийг цаазаллаа гээд ураг төрлийн хүчингийн гэмт хэрэг буурахгүй харин ч далд хэлбэрт шилжинэ. Ингэснээр хариуцлага тооцох боломжгүй болгоно. Нэгэнт ял завшсан хүн амтшсан хэрээ 13 дахина гэдэг шиг л болно.

Бага насны хүүхэдтэй холбоотой хүчингийн хэргийг цаазын ялыг цуцалсантай холбоотой гэж иргэд үзэж байгаа. Энэ хоёр хамааралтай юу?

Монгол улсад цаазаар авах ял байсан, чанга хатуу хяналттай гэгдэж байсан  социализмын үед ч бага насны охиныг хүчирхийлсэн, гэр бүлээр нь хүмүүсийг хүйс тэмтэрч байсан гэх мэт хэрцгий гэмт хэргүүд гарч байсан.

Ер нь аливаа гэмт хэрэг гарах, нэмэгдэх шалтгаан нь ял завшуулах, хариуцлага тооцохгүй байх зэргээр гэмт хэрэг үйлдэгчдийг өөгшүүлж буй явдал. 

Цаазаар авах ялгүй байх нь тухайн этгээдэд ял завшуулж буй хэрэг огт биш. Аливаа этгээд хийсэн гэмт хэрэгтээ тохирох ялыг үүрэх ёстой. Хүчин төгөлдөр үйлчилж буй Монголын улсын хуулиар хүчирхийлэгч этгээд хариуцлагаа үүрээд ялаа эдлээд явна. 

Хүмүүс хүчирхийлэлтэй хүчирхийллийн аргаар тэмцэж өөрсдийгөө хүчирхийллийн тойрогт татан оруулж болохгүй. Тэгвэл бид тэр хүчирхийлэгчээс юугаараа ялгагдах юм. Тэгвэл бид хэзээ амар тайван, хүмүүнлэг нийгэмд амьдрах юм бэ. Хүчирхийллийн тойргийг таслаж буй зүйлийн нэг нь Цаазаар авах ялаас татгалзах явдал юм.

Цаазаар авах ялыг халсан нь энэ хүчингийн хэрэгтэй ямар ч хамааралгүй. Харин бид хүүхэд, бага насны хүүхдийн эсрэг гарч байгаа хүчирхийллийн гэмт хэргийн шалтгааныг олж тогтоон, урьдчлан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, үр дагаварыг арилгах нь цаашид ийм төрлийн гэмт хэргээс үр дүнтэй сэргийлэх, хохирогчийг хамгаалах үр дүнтэй шийдэл болно. Цаашдаа охид эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар иргэдийн боловсролыг нэмэгдүүлэх, бага насны хүүхдийн амьдрах, сурах орчныг гэмт хэрэг, хүчирхийллээс ангид байлгахад илүү анхаарал хандуулах ёстой.  

Ярилцсан

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn

Зочин

Монголын эмнести интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа