2017.10.18

Б.Бат-Эрдэнэ: Батлан хамгаалах яамыг туршлагатай хүн удирдах гэж байгаад талархалтай байна

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асудлыг хэлэлцэж байна. Чуулганы ирц 63.5 хувьтай байна.

Батлан хамгаалахын сайдад Н.Энхболдыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

Б.БАТ-ЭРДЭНЭ: БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРЫНХНЫ ОЛОН ЖИЛИЙН ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ БОЛ ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙН ЯАМ БОЛОХ БАЙСАН

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан их хурал, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүндээ Батлан хамгаалахын яамыг үндсэн чиг үүргийн яам болгосон.

Манай салбарынхны олон жилийн хүсэл мөрөөдөл бол үндсэн чиг үүргийн яам болох байсан.

О.Баасанхүү гишүүний хөндөж байгаа давхар дээлийн асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа. Үнэхээр цөөнх байхдаа энэ асуудлыг ярьж байсан. Бид цөөнх байх үедээ эх баригч намаа сөрөхийн тулд л энэ асуудлыг тавиагүй. Энэ бол үндсэн хуулийн суурь зарчим.

Тиймээс үндсэн чиг үүргийн яамдаа УИХ-аас ажиллуулж, бусад яамдуудыг гаднаас тавьж ажиллуулах байр суурийг тавьж Сүхбаатарын талбай дээр тэмцэл хөдөлгөөн хийсэн. Үүний үр дүнд Н.Алтанхуягийн засгийн газрын 90-ээд хувь нь давхар дээлтэй байсныг 50 хувь хүртэл бууруулсан.

Харин Батлан хамгаалах яамны асуудал дээр О.Баасанхүү гишүүн зөв ойлголттой байх хэрэгтэй.

Шинэ байгуулагдсан УИХ 2016.09.01-нд ээлжит бус чуулганаар ямар нэгэн оочер, дараалал харгалзахгүйгээр Батлан хамгаалах салбарын багц хуулийг баталсан. Зэвсэгт хүчний энэ шинэчлэлтийг хийхэд эрхзүйн талаас тодорхой өөрчлөлтүүд гаргаж ирсэнд баяртай байгаа.

Энэ хуулиудаар удирдлагын зааг, ялгааг маш ойлгомжтойгоор гаргаж өгсөн. Өмнө нь ерөнхийлөн удирдана гэсэн тодорхойгүй заалт байсныг тодорхойлж, улсын дээд удирдлагыг УИХ хэрэгжүүлж, төрийн захиргааны удирдлагыг Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайд хэрэгжүүлнэ. Цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ хэрэгжүүлэхээр хуульчилсан. Цэргийн хэргийн асуудал, сахилга, бэлтгэл сургууль, осол аваар гэсэн асуудлуудыг ЗХЖШ хариуцна. Батлан хамгаалах салбар улс орны хэмжээнд өргөн цар хүрээг хамардаг учраас ингэж хуульчилсан. Нэгэнт УИХ-аар баталсан энэ хуулиа баримталж ажиллах ёстой.