2017.10.18

Л.Болд: Цэргийн салбарт улстөржилт байж болохгүй

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асудлыг хэлэлцэж байна. Чуулганы ирц 63.5 хувьтай байна.

Батлан хамгаалахын сайдад Н.Энхболдыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд байр сууриа илэрхийллээ.

Л.БОЛД: МОНГОЛЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ НҮҮР ЦАРАЙ БОЛСОН ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААГ ДЭМЖЭЭРЭЙ

АН бүлэг дээр гарсан дүгнэлтийг та бүхэн олйгосон байх.

Бид ерөнхий чиг үүргийн яамдад УИХ-ын гишүүд томилогдож байгааг эсэргүүцээгүй. Үүнийг зөв гэж үзэж байгаа. Харин бусад салбарын яамдууд 100 хувь давхар дээлтэй гэдэгт АН эсэргүүцэж байгаа.

Өнөөдөр УИХ-аас томилогдох ёстой, олон жил ярьж байж ерөнхий чиг үүрэгт хамруулсан Засгийн газрын гишүүний асуудлыг УИХ-д бид нухацтай, сайн ярилцаж, итгэл хүлээлгэж ажиллуулах нь зайлшгүй шаардлагатай.

Цэргийн салбарт улстөржилт байж болохгүй. Нэг намын сайд нар ажил хүлээлцэж байгаа болохоор энэ асуудал бага байх. Харин нам шилжихэд дотроо үйл хөдөлгөөн явагддаг. Дотор нь улстөржсөн хуваагдал, зөрчлүүд гарч байсан. Энэ асуудлыг онцгой анхаараарай гэж сайдад нэр дэвшигчид хэлье.

Н.Энхболдыг Гадаад хэргийн сайд байхад би Батлан хамгаалахын салбарын сайдаар ажиллаж байсны хувьд энэ салбарт сэтгэлтэй ханддагийг нь бид мэднэ.

Монголын зэвсэгт хүчний нүүр царай болсон энхийг сахиулах ажиллагаагаа дэмжээрэй. Дээр нь барилга инженерийн ангиудыг бий болгосон. Зэвсэгт хүчний эдгээр анги бүтээн байгуулалтад оролцож байна. Үүнийг цаашид анхаарч ажиллахыг хүсэж байна