УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2017.10.18

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Нямдорж гишүүнийг сайд болооч гэж ятгасан хүмүүсийн нэг нь би

Хууль зүй дотоод хэргийн сайдад Ц.Нямдоржыг томилуулах асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж санал хэлж  байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Ц.Нямдорж даргыг сайд болооч гэж ятгасан хүмүүсийн нэг нь би байна. Тийм би амласан юм. Их хурлын гишүүн хүндтэй индэрээс хэлэх зүйл их, сурах зүйл их байна. Би бамбай мэт дэмжинэ. Шударга бус зүйлийг хийхгүй л бол би энэ Засгийн газрыг дэмжин ажиллана. Шударга ёсыг тогтоож чадна гэсэн ард түмний 71 хувийн итгэл байна. Хэрэв энэ Засгийн газар үүнийг хийж чадахгүй бол дараагийн сонгуулиар гуравдагч хүчин гарч ирнэ. Эсвэл хувьсгал болно.

Миний асуулт бол тодорхой зарим талаараа Ж.Мөнхбат гишүүнтэй давхцаж байна. Засгийн газрын 100 хоног гэж бий. Ард түмний хүлээлт Засгийн газрын ерөнхий хүлээлтийн огтолцлолыг харуулдаг юм билээ. Тиймээс 100 хоногийн дотор Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шийдэхэд УИХ-аас ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ. Б.Золжаргал тэргүүтэй нөхдүүд хэзээ хариуцлага хүлээх вэ? 

ХЗДХЯ-ны сайдад нэр дэвшигч Ц.Нямдорж: Эрдэнэтийн асуудлаар маш яаралтай шийдвэр гаргах ёстой. Би 100 хоногоос наана шийдвэр гарах ёстой гэж үзэж байна. Ер нь бол улс төр дэх мөнгөний нөлөөллөөс ангижрах, мөнгөний богцноос улс төрийг гаргах ажлыг би тууштай хийнэ. Ийм зүйл хийдэг хүмүүст би энэ индэр дээрээс хэлчихье, энэ ажлаа зогсоо, хууль бусаар авсан зүйлээ буцааж өг.Тэгэхгүй бол хууль хөдөлнө шүү. Энэ Монголын оршин тогтнох эс тогтнох асуудал.

Миний гол зорилго мафигүй ирээдүйг бий болгох. Гурван сая хүн энэ зүйлийг тасалж байж зөв амьдрах ёстой.

Хөгжлийн банк 28 тэрбум төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкнаас авсан байшингаа буцааж өгөх ёстой. Би өмнө нь сайд байхдаа улс төр ярьдаггүй байсан. Одоо бол улс төр, хууль, хариуцлагыг нь ч ярина. Ертөнцийн жамаар миний амьдрах хугацаа цөөрч байгааг би мэдэж байгаа учраас хэлэх юмаа хэлж, хийх юмаа хийнэ.