Тэрбишдагва.Д Цогзолмаа.Ц 2017.10.19

Д.Тэрбишдагва: Шинжлэх ухааны академд анхаарал хандуулах цаг болсон

Өнөөдөр /2017.10.19/ УИХ-ын чуулганаар Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдаар Ц.Цогзолмааг томилохыг 90,8 хувийн саналаар дэмжсэн.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва асуулт асуусан.

Д.ТЭРБИШДАГВА: МЭДЛЭГТ ТУЛГУУРЛАСАН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЬЕ

Дэд сайдуудыг байхгүй болгоё гэсэн саналтай байдаг. Миний хувьд энэ салбарт хоёр ч дэд сайд хэрэгтэй гэж үзэж байна.

Шинжлэх ухааны асуудал их чухал. Судар бичгийн хүрээлэн байгуулсан цагаас хойш монголчууд шинжлэх ухааны салбарыг төрийн бодлогоор анхаарч байсан. Шинжлэх ухааны салбарыг ярьдаг хүн байхаа больсон. Мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлье гэж бид ярьдаг. Тиймээс шинжлэх ухааны академд анхаарал хандуулах болсон. Тэнд монголын оюуны гол цөм нь байхад засгаас дэмжихгүй байна.

Боловсролын тухай хуулинд ДНБ-ий 1,5 хувийг шинжлэх ухаанд зарцуулна гэсэн байдаг. Гэтэл одоо 0,12 хувийг л зарцуулж байна.

НББХ-г ЭЗБХ-той хамтарч шинжлэх ухааны академууд дээр яваасай гэж үзэж байна. Тэдний бүтээж байгаа бүтээл нь дэлхийн хэмжээнийх боловч ажиллаж байгаа нөхцөл, авч байгаа цалин нь доод түвшнийх. Тиймээс энэ чиглэлд ямар дэвшил гаргах вэ?

Аливаа хүмүүсийг боловсролтой, мэдлэгтэй, мэргэжилтэй болгохыг эсэргүүцдэг хүн биш. Гэхдээ их дээд сургуулийн тоо дэндүү олон болсон байна. Их, дээд сургууль төгссөн хүмүүс ажилгүй болсон. Аав ээжийнхээ тэтгэвэр, тэтгэмжнээс зээл авч сургалтын төлбөрөө хийдэг. Гэхдээ төгссөн хойноо ажилд орж чаддаггүй учраас давхар өрөнд оруулж байна. Энэ асуудлыг бодлогын хэмжээнд өөрчлөх боломж байна уу?

Ц.ЦОГЗОЛМАА: БСШУСЯ БҮХ САЛБАРАА ЭН ТЭНЦҮҮ АВЧ ЯВНА

Манай Боловсролын яамны бүтэц үнэхээр том байгаа нь үнэн. Бүх шатны боловсролоос гадна соёл гэдэг монголын чухал үүрэгтэй салбар байдаг. Магадгүй даяарчлагдаж байгаа нийгэмд монголоороо үлдэх үү гэдэгт соёл чухал нөлөөтэй. Энэ бодлого манай яам онцгойлон анхаарна.

Биеийн тамир, спортын хүрээг зөвхөн олимпизмын хүрээнд харж байгаа байдлаас гарах ёстой. Бүх нийтээрээ эрүүл байх дадал хэвшлийг сургуулийн өмнөх боловсролоос эхлүүлээд насан туршид нь эрүүл хүн болгох концепц руу энэ бодлогыг авч явах ёстой.

Тиймээс боловролоос өөр соёл, биеийн тамир, шинжлэх ухааны салбарыг дагуул байдлаар авч явах ёсгүй гэсэн байр суурьтай байгаа.

Шинжлэх ухааны салбарын бодлогыг тодорхой болгоод, зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх ёстой гэдэгтэй 100 хувь санал нэгдэж байна.

Сургалтын зээлийн сангийн журмыг шинэчлэх шаардлагатай нь үнэн. Төр нь мөнгийг нь тавьж өгчихөөд байхад, журмыг нь өөрчлөхгүй байсаар 30 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор буцаагаад алдаж байгаад харамсах ёстой. Сургалтын зээлийн санг заавал арилжааны банкаар дамжуулахгүй байх ямар гарц байгааг судалж үзнэ.