Бат-Эрдэнэ.Б Тэрбишдагва.Д Ё.Баатарбилэг Н.Амарзаяа Л.Энхболд 2017.10.20 | Сайт: Vip76.mn

Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэв

Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэв

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг 90,8 хувьтайгаар дэмжиж баталсан.

Ажилчдын цалин хөлсний асуудлаас эхлээд сүүлийн үед нийгмийн анхаарлыг голчлон татаж байгаа уг салбарт барих бодлого, хэрэгжүүлэх ажил, анхаарах зүйлсийн талаар УИХ-ын гишүүд өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж байв.

Ё.Баатарбилэг: Боловролын салбарын асуудал ярихаар шинжлэх ухааны салбар орхигддог. Шинжлэх ухааны салбарт гарч байгаа хамгийн том асуудал бол хөрөнгө оруулалт.

Салбарын хөрөнгө оруулалтыг ДНБ-ий ядаж 3 хувь хүргэх асуудал байгаа.

Энэ тал дээр анхаарч, эрдэмтдийнхээ хөдөлмөрийг зөвөөр үнэлэх, оюуны бүтээлийг нь зах зээлийн эргэлтэд оруулах тал дээр анхаарч ажиллаарай. 10 жилийн сургуулийн хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсролын хичээл ордог байсныг болиулсан. Энэ хичээлийг програмд оруулах тал дээр судалж үзээрэй.

Д.Тэрбишдагва: Хөдөө орон нутгийн нэгдүгээр ангийн хүүхдийн асуудал, байр орон сууцны асуудал зэрэгт анхааран нэн шаардлагатай. Хамгийн авъяастай, хамгийн боловсролтой салбар соёл урлагийн салбарт байдаг. Театр, музей зэрэгт онцгойлон анхаарахгүй бол дэлхийн нийтийн жишгээс дэндүү хоцорсон байна. 

Бид мэдлэг дээр тулгуурласан эдийн засаг гэж мөрийн хөтөлбөр дээрээ оруулсан.

Тиймээс боловсрол, шинжлэх ухааны салбарын суурь, судалгааг дэмжиж, түүнд тулгуурласан бүтээгдэхүүн, инновацыг хөгжүүлэх шаардлага бий. Бид шинжлэх ухааны салбарыг дэндүү хаяж байгаа.

Б.Бат-Эрдэнэ: Боловсролын багц хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн асуудлыг шуурхай шийдэх шаардлагатай. Багш нарын цалин урамшуулалтай холбоотой, шинэ тогтолцоо, ажлын үнэлгээний талаар асуудлыг ярилцаж байсныг шуурхайлах ёстой.

Сурагчид өрсөлдөхөөсөө илүү оролцох нь чухал гэдгийг ойлгохгүй байна.

Зарим улс орнуудад огт дүн тавьдаггүй. Шинжлэх ухааны салбарт манай намын мөрийн хөтөлбөрт тавьсан бодлого бий. Эцэст нь хэлэхэд Биеийн тамир спортын хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр анхаарал тавьж ажиллаарай.

Л.Энхболд: Өнөөдөр сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт сурч байгаа хүүхдүүдийн өдрийн хоол 1650 төгрөг байна. Мөн дунд сургуулийн дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн өдрийн хоол 2315 төгрөг байна. Энэ байдлаас харахаар улсын төсвөөр маш олон барилгууд дотуур байранд зориулагдаж байгаа.

Сум орон нутгаар явахаар 80 хүүхдийн дотуур байранд 10-аад хүүхэд сууж байх жишээтэй. Шалтгаан нь хоол, хүнсний санхүүжилт хангалтгүй. Амин дэмээ авч чаддаггүй асуудал байгаа учраас хүүхдүүдийн хоол хүнсэнд зарцуулж байгаа өртөг дээр анхаарч ажиллаарай.

Төсвийн мөнгөөр олон дотуур байр барьж байгаа боловч дотор нь хүн суухгүй бол ашиглалтын зардал их гарна.

Н.Амарзаяа: Олон улсын оюуны олимпод оролцсон багш, сурагчдыг урамшуулах тогтолцоо алдагдсан байна.  Үүнд анхаарлаа хандуулаарай.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавьсан оюутан, сурагчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг үнэлмээр байна.

Манай монголын ард түмэн оюунлаг эрдэм мэдлэгээрээ дэлхийд гайхагдсан. Үүнийг монголын төр үнэлэх цаг болсон.

Боловсролын яам, хөдөлмөрийн яам хоёр зэрэгцээ оршиж, хамтран ажиллаж байж их дээд сургуулиудын тогтолцоо, асуудлуудад зохистой шийдэл олно.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn