2011.02.15

Санал худалдан авч УИХ-ын гишүүн болбол эргүүлэн татах уу?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар өчигдөр 2010 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тоймоо танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Тэрбээр хоёр намын бүлэг тодорхой зөвшилцөлд хүрч чадвал сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хаврын чуулганы үеэр хийхэд бэлэн гэж мэдэгдэв. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ хугацаанд 18 удаа хуралдаж, 38 асуудлыг хэлэлцсэн бөгөөд давхардсан тоогоор 31 хуулийн төсөл, УИХ-ын зургаан тогтоолын төслийг хэлэлцэж, 32 санал дүгнэлт гаргасан байна. Мөн тайлангийн хугацаанд өргөн мэдүүлсэн төслийг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах дөрвөн ажлын хэсэг байгуулж, нийтдээ 11 удаа хуралдаж санал дүгнэлт гаргажээ.

 

Байнгын хорооны нэр дээр байгууллага аж ахуйн нэгжээс 160 албан бичиг, иргэдээс 120 өргөдөл ирсэн бөгөөд асуудлуудыг тухай бүр нь шийдвэрлэж явуулсан байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан гол хуулийн төслүүдийг байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар онцлов. Үүнд, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай'хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтаж байна.

 

Хэдий УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг намрын чуулганы хугацаанд батлах учиртай байсан ч энэ нь цэвэр улс төрийн шийдэлтэй холбоотойгоор амжсангүй хэмээн байнгын хорооны дарга онцолсон юм. Ажлын хэсэг зохих ёсоор ажиллаж байсан бөгөөд томоохон уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байжээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Төрийн байгуулалтын байнгын хороо хамтран хэрэгжүүлж буй "Сонгуулийн тогтолцоогоор дамжуулан оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх нь" төслийн хүрээнд МҮОНТ-ээр "УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх үү" төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Ж.Сүхбаатар дарга Төрийн байгуулалтын байнгын  хорооны даргын албыг хүлээж авсны дараахан хамгийн түрүүнд иргэний нийгмийн төлөөллийг хүлээн авч уулзжээ. Энэ нь УИХ-аас өнгөрсөн онд иргэний нийгмийн төлөөлөгчидтэй уулзаж, 9 асуудлаар харилцан санамж бичиг үйлдсэнтэй холбоотой байна.Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2011 оны хаврын чуулганаар 17 асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Байнгын хорооны дарга нэн түрүүн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлуулахаа хэлсэн юм.

 

Түүнчлэн Засгийн газраас хорь гаруй хоногийн өмнө өргөн барьсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг батлуулахаар ажиллах аж. Уг хуулийн төсөлтэй УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын оргон барьсан Нийтийн албанд сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийн төсөл уялдахыг байнгын хорооны дарга онцолсон юм. Төрийн байгуулалтын байнгын хорооноос анхаарал тавьж ажиллах нэг чухал асуудал бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсантай холбоотой байна. Ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын" хорооны дарга ахалж байгаа бөгөөд 40 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн ирэх тавдугаар сарын нэгний өдөр гэхэд санал дүгнэлтээ гаргах юм.

 

Төрийн байгуулалтын байнгын хороо энэ оны ажлаа орон нутаг руу илүүтэй чиглүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнтэй холбоотойгоор төвлөрлийг сааруулах, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх зорилгоор холбогдох хуулиудын талаар санал дүгнэлт гаргах сургалт явуулах зэрэг ажлыг зохион байгуулах аж.

 

УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяанд Иргэдийн өргөдөл гомдол хүлээн авах болон сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын дэд хороо байгуулахаар болсон байна. Одоогоор дэд хороодын ажиллах дүрмийн төслийг боловсруулж байгаа аж.

Хэвлэлийн бага хурлын дараа Төрийн байгууллагын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараас зарим асуудлыг тодруулав.

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхэд санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг та ахалж байна. Үндсэн хуульдямар өөрчлөлт оруулах шаардлагатай байна вэ. Энэ асуудлыг тайлбарлахгүй юу?

-Одоогийн байдлаар УИХ-ын нэр бүхий 15 гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан нь боловсруулалтын шатанд явж байна. Миний бие ч уг хуулийн төслийг санаачилсан гишүүдийн бүрэлдэхүүнд багтаж байгаа. Уг хуулийн төсөл нь өмнө Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийн хоёрыг нь засах агуулгатай юм. Мөн Д.Дамба-Очир нарын хэсэг гишүүд хот, тосгодтой холбоотой асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад явж байна. УИХ-ын удирдлагын  хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь төрийн бодлогын хэмжээнд авч үзэх асуудал гаж үзээд ажлын хэсэг байгуулсан.

 Ажлын хэсэг бодлогын хүрээнд нэгтгэж зангидаж ажиллах учиртай. Миний зүгээс хувь гишүүний хувьд ийм тийм гэж ярихгүй. Бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж зориод байгаа юм биш. Харин өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судалж санал боловсруулах зорилготой юм. Өнөөдөр УИХ, Засгийн газрын бие даасан хараат бус байдал үгүй болж төрийн эрх мэдлийн хуваарилалт шударга бус болж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Эрх мэдлийг иргэддээ ойртуулах санал гарч байна.Тиймээс нутгийн удирдлагыг бэхжүүлэхтэй холбоотой асуудлаар бид анхаарах цаг болсон гэж үзэж байна. УИХ-ын хувь гишүүнийхээ хувьд орон нутгийн санал асуулгын тухай хуультай болох саналтай байна. Энэ нь шууд ардчиллын замаар сум, дүүрэг, аймаг, иргэд нь асуудлаа шийддэг боломжтой болох хувилбар юм. Хуулийн төслөө хаврын чуулганы хугацаанд өргөн барина.

-Сонгуулийн хуулийн хувьдХолимог тогтолцоогоорявуулахаар санал нэгдсэнч бэрхшээлтэй байна гэж үзэж байгаа, Үүнийг хэрхэнзохицуулах вэ?

-Намын бүлгүүд  дээр асуудал шилжсэн. Зөрөлдөөнийг арилгахын тулд хоёр намын бүлгийн дунд зөвшилцөл явуулах шаардлагатай  гэж үзэж байна.Хэрвээ зөвшилцөлд хүрвэл асуудлыг цаашаа шийдвэрлээд явахад бэлэн.Одоогоор төрийн байгуулалтын байнгын хороо сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийхээр хүлээж  байна.Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд ажлын хэсэг болон гишүүдэд анхааруулахад сонгуулийн хариуцлагын асуудалд анхаараасай гэж бодож байна.Сонгуулийн үеийн маргаан будлиан түүнтэй холбоотой үүсэх хариуцлагын асуудал ямар байх вэ гэдгийг холбогдох бүх байгууллагын хүмүүсийн дунд зөвлөлдөх уулзалт зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Хэрвээ хэн нэг нь санал худалдан авч УИХ-ын гишүүн болбол гишүүн болсон ч эргүүлэн татах тогтолцоог ямар нэгэн аргаар хуульд тусгаж өгөх нь зүйтэй юм. Энэ асуудалд төрийн байгуулалтын байнгын хороо анхаарч ажиллана.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.