Баттогтох.Д Цогзолмаа.Ц 2017.10.23 | Телевиз: МҮОНТВ

Хүрэлтогоот 2017 эрдэм шинжилгээний хурал боллоо

“ХҮРЭЛТОГООТ – 2017” ТЕХНИК, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН САЛБАР ХУРЛЫН ШИЛДЭГ ЗАЛУУ СУДЛААЧИД ШАЛГАРЛАА

БСШУС-ын яам, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ, ТИЗСН-ээс техник, технологийн салбарын залуу судлаачдын дунд “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлыг 13 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн “Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний хурал 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын 604 тоот хурлын танхимд боллоо.

Хурлын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, ШУТС-ийн захирал Д.Энхжаргал МЗЭХ-ны ерөнхийлөгч Д.Баттогтох, Академич Ж.Тэмүүжин, МУИС-ийн багш доктор, дэд профессор Ч.Лодойравсал болон салбартаа тэргүүлэх ахмад эрдэмтэд, 100 гаруй залуу судлаачид оролцов. Мөн манай хурлын урилгын илтгэгчдээр УИХ-ын гишүүн Н.Учрал, МЗЭХ-ны хүндэт гишүүн Б.Ганбат нар сонирхолтой илтгэл тавьж оролцлоо.

Жил бүр өргөжин тэлж буй энэхүү арга хэмжээ нь шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэх томоохон талбар болж байгаа бөгөөд “Хүрэл тогоот-2017” олон улсын хуралд ОХУ, Япон, Тайвань, Солонгос, Монгол зэрэг 5 улсаас нийт 50 гаруй залуу эрдэмтэн, судлаачид бүтээл ирүүлээд байна.

Эдгээрээс анхан шатны шалгаруулалтаар 30 гаруй бүтээлийг эмхтгэн олон нийтэд толилуулж байгаа бөгөөд дараагийн шатанд суурь болон хэрэглээний чиглэлээр тус бүр долоон илтгэл шалгарч, гурав дахь шатанд хэлэлцүүлсэн.

Технологи, суурь судалгааны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН байранд ШУТИС-ийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Баярсайханы УУГАНЧИМЭГ “Дулааны боловсруулалтанд орсон шар буурцганд Полимеразын Гинжин Урвалын аргаар генийн өөрчлөлттэй амьд организм илрүүлэх нь”,

ДЭД байранд Япон улсын Токушимагийн их сургуулийн докторант Сүхийн БАТДАЛАЙ “FWM, интерференци болон CPF ашигласан квадрат фаз солих модуляциас бинари фаз солих модуляциин хөрвүүлэлт”,

ТУСГАЙ байранд Монгол Улсын Их Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн магистрант оюутан Жаргалсайханы ЭНХ-ЭРДЭНЭ “Кинект төхөөрөмжийн тусламжтай 3D байдлаар хүний толгойн хөдөлгөөнийг "Генетикийн алгоритм" ашиглан илрүүлэх нь” сэдэвт илгэлүүд шалгарлаа.

Инноваци, хэрэглээний шинжлэх ухааны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН байранд Чонбукийн үндэсний их сургуулийн докторант Төмөрбаатарын БАТГЭРЭЛ “Биоанагаахын хэрэглээнд зориулагдсан цахилгаан соронзон шинж чанар бүхий Роботын хөдөлгөөны удирдлагын систем”,

ДЭД байранд ШУТИС, Барилга Архитектурын сургуулийн багш Бадарчийн АЮУРЗАНА “Сүлжээний Больцманы арга ашиглан Монгол гэрийн дулаан урсгалын үндсэн шинжилгээ”,

ТУСГАЙ байранд Монгол Улсын Их Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн магистрант оюутан Болдын Батсанаагийн “Програмаар тодорхойлогддог Радион дээрх DVB-T системийн хэрэгжүүлэлт ба загварчлал” сэдэвт бүтээлүүд тус тус шалгарлаа.

Тэргүүн байранд шалгарсан Б.УУГАНЧИМЭГ, Т.БАТГЭРЭЛ нарыг МЗЭХ, ТИЗСН-ээс МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУС-ын Сайдын залуу судлаачдын дөрвөн сая төгрөгийн Грантад нэр дэвшүүллээ. Мөн Шилдгийн шилдэг Залуу судлаачаар Б.УУГАНЧИМЭГ шалгарч Япон улсын Саппоро хотод Монгол-Хоккайдогийн нийгэмлэг болон МЗЭХ-ноос хамтран зохион байгуулах “Хөгжлийн гарц ба шинжлэх ухааны хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хуралд үнэ төлбөргүй оролцох эрхийн бичгээр шагнагдлаа.

Бидний хурлын үйл ажиллагааг жил бүр дэмжин санхүүжүүлж ажилладаг ШУТИС, ШУТС, Чагдаржав сан, Мандах-Алтай ХХК, Монгол-Хоккайдогийн нийгэмлэг мөн энэ жилийн хурлын хоёрдугаар байрын шагналын санг санхүүжүүлж ажилласан Экотех Проект ХХК болон дэмжиж ажилласан СҮҮ ХК, АПУ ХК-ийн хамт олондоо баярлаж талархснаа илэрхийлье.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт залуу судлаачиддаа шинжлэн судлах, бүтээн байгуулах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО
ТЕХНОЛОГИ ИННОВАЦИЙН ЗАЛУУ СУДЛААЧДЫН НИЙГЭМЛЭГ