Засаглалын хөгжлийн эерэг өөрчлөлт тод биш ч тодорхой ахиц гарсан гэв
2011.04.27

Засаглалын хөгжлийн эерэг өөрчлөлт тод биш ч тодорхой ахиц гарсан гэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар хамтран "Захиргааны шинэтгэл: Асуудал ба шийдэл" сэдвээр бага хурал зохион байгууллаа. УИХ-ын гишүүд, УИХ болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, салбарын яамд, төрийн удирдлагын чиглэлийн сургалт, судалгааны байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцсон эл хурлаар цаашид захиргааны шинэтгэл хийх хэрэгцээ, шаардлагын талаар санал бодлоо солилцсон.

Манай орон өнгөрсөн 20 жилийн хугацаанд улстөр, эдийн засгийн шинэтгэл хийж ирсэн ч захиргааны шинэтгэлийг мартсаныг оролцогчид онцолсон.Төрийн үйлчилгээг сайжруулах нэрээр төрийн албыг данхайлгасаар байгаа авч иргэдийн сэтгэл ханамж дулимаг байгаа нь засаг захиргааны шинэтгэл хангалтгүйнх. Ер нь бол дэлхийн жишгийг харвал энэхүү шинэтгэл нь урт хугацаанд хийгддэг гэнэ. Зарим улсын засаг захиргааны шинэтгэл 40 жил ч үргэлжилсэн нь бий.

Харин манайд эл чиглэлийн судалгаа ердөө л 10 жилийн өмнө эхэлснийг хэлж байна.Энэ хугацаанд судлаачид Монголын засаглалын төлөв байдалд үнэлгээ өгөх аргачлалыг боловсруулан гурван удаа үнэлгээ өгөх оролдлого хийжээ. Иймд хуралд оролцсон эрдэмтэн, судлаачид Монгол Улсын засаглалын өөрчлөлтийн төлөв байдлыг гурав ангилахаар санал нэгдсэн юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар засаглалыг шинэтгэх бодлогоо гаргачихвал 2012 оны сонгуулийн дараа хэрэгжүүлж эхлэх боломжтой гэв. Түүнийхээр дээр дурдсан гурван ангиллын нэгдүгээрт 1990-1991 он буюу шинэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон үе орох аж. Хоёрдугаарт, 1992-2002 он буюу Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн төрийн захиргааны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэхэд чиглэсэн гол хуулиудыг УИХ-аас батлан гаргасан үе хамаарна. Харин захиргааны шинэтгэлийн гурав дахь шатанд 2002 оноос өнөөг хүртэлх 'үе буюу шинэ менежментийн загварыг хэрэгжүүлсэн он жилүүд багтана.

Тиймээс ч энэ чиглэлд нэмж судлах шаардлагатайг онцолсон. Харин Удирдлагын академийн захирал Г.Чулуунбаатар Монгол Улсын засаглалын төлөв байдлын тулгамдсан асуудлыг тодорхойлсон. Ингэхдээ тэрбээр хэд хэдэн удаагийн цуврал судалгаагаар манай засаглалын хөгжилд нааштай өөрчлөлт тод харагдахгүй байгаа. Гэвч тодорхой өөрчлөлт гарсан гэсэн юм. Тухайлбал, парламентын зүгээс Засгийн газарт тавих хяналт суларсан ч иргэний нийгмийн байгууллагуудын идэвхтэй үйл ажиллагаа үүнийг тодорхой хэмжээгээр орлож байгаа гэсэн юм.

Мөн улстөрийн намуудын дотоодод шинэчлэлийг эрэлхийлсэн хүчнүүд гарсныг нэрлэв. Мөн иргэдийн улстөрийн боловсрол, ардчиллын талаарх мэдлэгийг дээшлүүлэхийн тулд засаг төрөөс дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас шинэтгэл удааширч байна хэмээн тодорхойлжээ. Тиймээс ч бага хуралд оролцогчид ардчилал, засаглалын харилцаанд бодит бэрхшээл учруулж буй асуудлуудыг бодлого, эрх зүйн хувьд тодорхой болгох чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатайг хэлж байлаа. Мөн Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга С.Батболдын санаачилгаар хууль тогтоох, захиргааны шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоо, хяналтыг өргөтгөх, төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл зэрэг цогц асуудлыг хамарсан хууль төрөх эрх зүйн эхлэл тавигдсанд талархаж буйгаа илэрхийлсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.