Алтантуяа.Б 2017.10.23 | Сайт: Vip76.mn

Жигшим гэмт хэргүүд ба цаазын ял

Жигшим гэмт хэргүүд ба цаазын ял

Бага насны хүүхдийн хүчирхийллийн талаар сэтгэл сэртхийлгэсэн мэдээ нийгмийг цочирдуулсан. Тодруулбал, Зочид буудалд 13 настай охиныг хүчирхийлж, амь насыг нь хохироосон хэрэг намжаагүй байтал долоо хоногийн өмнө таван настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг гарсан.

Эдгээр хэргүүдтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч цаазын ялыг дахин сэргээх хуулийн ажлын хэсэг байгуулж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан бол 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2015 оны 12-р сард батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан байна.

Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Харин Монгол  Улс цаазын ял сэргээснээр ямар үр дүнд хүрэх талаар хүний эрхийн “Эмнести интернейшнл” ТББ-ын захирал Б.Алтантуяа: “Цаазаар авах ял нь хорих ялаас илүү гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэх үндэслэл, нотолгообайхгүй атал Монгол улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх санаачилга гаргаж байгаа нь Монгол улс олон улсын өмнө хүлээсэн амлалтаа зөрчин, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хамгаалах үүргээ умартсан хэрэг боллоо” гэсэн юм.

Хүчингийн хэрэгтэй холбогдолтойгоор цаазын ялыг сэргээх нь зөв үү?

Нийгмийн жигшлийг төрүүлж буй уг хэрэгтэй холбоотойгоор Цаазын ялыг сэргээх нь зөв, буруу гэх хүмүүс олон нийтийн сүлжээнд талцаад байна.

Зөв.

Цаазын ялыг сэргээх нь зөв гэж үзэж байгаа иргэд ихэнхи нь жигшим хэрэг үйлдсэн хүнийг 25 жил төрөөр тэжээлгэх шаардлагагүй, нэгэнт хүний амийг санаатайгаар хохироосон хүнийг өршөөх хэрэг байхгүй гэж үзэж байгаа юм. Мөн ял эдлэх явцдаа аажмаар ялын хэмжээгээ багасгуулдаг нь шударга бус гэсэн байр суурьтай байна.

Буруу.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал хэлэхдээ: “Бага насны хүүхдийг хүчиндсэн хүнд цаазаар авах ял оноодог байхад ил гардаггүй, гэр бүл, ах дүү дотроо нууж, амь насаа алдсан, хүнд гэмтсэн, эсвэл 2-3 хүүхэдтэй болчихсон үед л цөөхөн хэргүүд илэрдэг байсан” гэсэн юм.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхан: Хүмүүсийн шаардаж байгаа зүйл бол шударга ёс. Цаазаар авах ялыг халснаар гэмт хэрэгтэнд тохирсон ялыг үүрүүлж чадахгүй байгаа юм биш. Бүх насаар нь хорих бол хангалттай хүнд ял. Энэ ялаар гэмт хэрэгтнийг цээрлүүлж, хариуцлага хүлээлгэж байгаа. Хохирогчдын ар гэрийнхний уй гашуу тайлагдаж, хохирол арилах боломжгүй учраас ахиж олон хүнийг хохироохгүй тулд онц хүнд гэмт хэрэг гарахгүй байх нөхцлийг бүрдүүлэх нь илүү чухал юм”

Цаазын ялнаас өөр гарц бидэнд бий юу?

Хууль тогтоогчдын хүрээнд

Монгол улсын Эрүүгийн хуулийн 91.2-т “Хүнийг шунахай, танхай, өс хонзонгийн сэдэлтээр, захиалгаар эсвэл хохирогчийн цус, эд эрхтэнг ашиглах зорилгоор амь насыг нь хохироосон бол 15-25 жил хүртэлх хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ялаар шийтгэнэ”. Тус хуулийн 126.3-т зааснаар “Хүчингийн хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан, эхсүл бага насны буюу 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 15-25 жилийг хорих ял онооно” хэмээн хуульчилжээ.

Өнгөрсөн долоо хоногт Хүний эрхийн комисс хуралдаж, ажлын тайлангаа танилцуулсан. ХҮЭК-ийн дарга Ж.Бямбадоржийн мэдээлснээр энэ төрлийн хэрэг нь гэр бүл, ураг төрлийн хүрээнд үйлдэгддэг тул нуух магадлал өндөр байдаг аж. Тодруулбал, цагдаагийн байгууллагаар шалгагдсан ийм төрлийн хэргийн 47 хувь нь мөрдөн байцаалтын шатандаа хэрэгсэхгүй болдог аж.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг хүүхдийн эрхийг хамгаалсан хуулиуд байгаа боловч хэрэгжилт сул байгааг дээрх хэргүүд гэрчилж байна.

УИХ-ын гишүүд хүүхдийн хүчирхийлэлтэй холбогдох хуулиудын хэрэгжилтийг шалгах талаар хэвлэлийн бага хурал дээр

УИХ-аас УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулсан дээрх хуулиудын хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр уг асуудалд эрх зүйн ямар өөрчлөлт шаардлагатай байгааг илрүүлэх юм.

Мөн шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гаргасан хамгийн анхны шийдвэр бол 14-өөс доош насны хүүхдээс Шүүхийн шинжилгээний газрын үйлчилгээний төлбөр болох 10.000 төгрөг авдаг байсныг зогсоосон явдал байлаа.

ТББ болон нийгмийн хүрээнд

Мөн хүүхдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Лантуун дохио” ТББ-ын үндэслэгч Ч.Ганжавхлан: “Цаазын ялаар ураг төрлийн хүчирхийллүүд ичээндээ ордог, улам нуугддаг. Чи муу нагац ахыгаа алах гээ юу! гээд хохирогч охины ээжийг загнадаг. Яарсны хэрэггүй, сэдвээ сэглэж, сенсаац хөөх бүр ч хэрэггүй. Харин нэг нэг хүрз бариад энэ бугласан идээ бээрний угийг нь хүртэл ухаад үзье. Жагсаал тэмцэл, хэвлэл мэдээлэл, хууль журмын өөрчилөлт, хандлага сэтгэхүй бүгдийг нь хиийгээд үзвэл ямар түлхэц болно” хэмээн уриалсан.

Өөрөөр хэлбэл хүүхдийн хүчирхийллийн талаар улстөржиж, нэг шуугиад өнгөрөлгүйгээр хууль эрхзүйн хүрээнээс эхлээд, хүүхдийн боловсролын систем хүртэл нийгмийн тогтолцоог бүхий л түвшинд өөрчлөх шаардлага Монгол Улсад тулгараад байна. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ТББ-ууд нэгдэж дорвитой арга хэмжээ аван, тууштай тэмцэх болно гэдгээ зарласан юм.

Энэ зорилгын дагуу өнгөрөгч амралтын өдрүүдээр хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн 200-д хүнийн "Чимээгүй жагсаал" болж, иргэдийн гарын үсгийг цуглуулан, эрх баригчдын анхаарлыг татаж чадсан юм.

"Чимээгүй жагсаал"-ын үеэр

"Чимээгүй жагсаал"-д оролцогсод

"Чимээгүй жагсаал"-ын үеэр