Ч.Хүрэлбаатар 2017.10.24 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэхийг зөвшилцөхийг дэмжив

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг  хэлэлцэхийг зөвшилцөхийг дэмжив

Өнөөдөр /2017.10.24/ Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцэхийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд,  хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Дээрх салбаруудын хүрээнд АХБ-аас 2017-2018 онд Монгол Улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны Энгийн эх үүсвэрээс 404 сая ам.доллар, АХБ-ны Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг тус тус олгохоор төлөвлөөд байна.

Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь АХБ-ны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй байдаг. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг ба Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь  0.5 хувийн шимтгэлтэй байгааг онцлов.

 Салбарын сайдын танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд хэлэлцэж байгаа асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу хөнгөлттэй зээлийг авахдаа эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр дүнтэй салбарт хөрөнгө оруулалтыг хийх, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихийг анхааруулж байлаа. Мөн Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталсан есөн төсөл арга хэмжээг өөрчилж болох эсэхийг илүүтэй сонирхож байлаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, Эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ цаг үед төсөл нэг бүртэй танилцсан. Явцын дунд агуулгаар өөрчилж байж, үр дүнд хүрэхээр төлөвлөж байгаа асуудал байгааг онцлов. Төсвийн байнгын хороо уг асуудлаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэжУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.