Засгийн газар стратегийн салбар болох “МЦХ” компанийн хувьцааг худалдаж авна
2017.10.25

Засгийн газар стратегийн салбар болох “МЦХ” компанийн хувьцааг худалдаж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр боллоо.

“Монголын цахилгаан холбоо” хувьцаат компани дахь БНСУ-ын “Кореа Телеком” корпорацийн эзэмшлийн 10,348,111 ширхэг хувьцааг худалдан авахад шаардагдах 2. 550, 000 /хоёр сая таван зуун тавин мянга/ ам.доллартай тэнцэх хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон холбогдох агентлагийн дарга нарт даалгав.

“Монголын цахилгаан холбоо” компанийг цаашид үр ашигтай ажиллуулах, менежментийг сайжруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх бодлого, зохицуулалтын чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг мөн үүрэг болголоо. 

Тус компанийн 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа Телеком” корпораци, 5.33 хувийг дотоод, гадаадын иргэд эзэмшдэг юм. “Кореа Телеком” корпораци өөрийн эзэмшлийн хувьцаагаа Засгийн газарт худалдах саналаа энэ оны зургаадугаар сард ирүүлжээ.

Талуудын хоорондох харилцан ойлголцлын Санамж бичгийн төсөлд тусгасны дагуу төлбөрийн нөхцлийг судлан, төлбөрийг үе шаттай хийх чиглэлээр хэлэлцээ хийх юм.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар “Монголын цахилгаан холбоо” компани суурин утасны 28.19, интернетийн 12, кабелийн телевизийн тав, лавлах утасны 12, олон улсын ярианы зах зээлийн 16 хувьд үйлчилгээ үзүүлж байна. Компани 1996 оноос хойш өнөөг хүртэл 18 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж Засгийн газарт 10 гаруй тэрбумын ногдол ашиг хуваарилжээ.