БСШУС-ын сайд БНХАУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав
2017.10.25

БСШУС-ын сайд БНХАУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа манай хоёр орны олон жилийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцолж, цаашдаа боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломж, чиглэлүүдийн талаар хөндөн ярилаа. Хятадын Засгийн газраас үзүүлж байгаа  зээл тусламжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж, соёл шинжлэх ухааны салбарын ололт амжилт зэрэг олон талт хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхэд илүүтэй анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн байна. 

Элчин сайд Син Хаймин нийгмийн хөгжлийг урагшлуулдаг том салбарын  хамтын ажиллагааны хүрээнд эрдэмтэн судлаачид, багш, соёлын ажилтнууд, оюутан солилцоо зэрэг өргөн хүрээнд харилцаагаа өргөжүүлэх, орчин үеийн техник технологийн дэвшил, инноваци зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад анхаарлаа хандуулна гэлээ. Түүнчлэн 2019 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиохтой холбогдуулан Монгол, Хятадын соёлын өдрүүдийг хамтарч зохион байгуулах талаар ярилцлаа.

  Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд оны байдлаар  500 гаруй оюутан залуус  БНХАУ-д тэтгэлгээр суралцдаг байна.