Ж.Ганбаатар 2017.10.26

Ж.Ганбаатар: Монголбанк бизнес эрхлэгчдийн итгэлийг сэргээх ямар ажил хийгдэж байгаа вэ?

Өнөөдөр /2017.10.27/ УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний талаар 2018 онд баримтлах бодлогыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа.

Ж.ГАНБААТАР: БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ИТГЭЛИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого дээр 3 үндсэн асуудал байна.

Нэгдүгээрт, зээлийн хүүг бууруулж, нэг оронтой тоонд оруулах шаардлагатай. Тэр дундаа иргэдийн банкинд төлж байгаа зээлийн хүүг жилд 2-3 хувиар тогтмол бууруулах ёстой.

Хоёрдугаарт, Бизнес эрхлэгчдэд төрөөс хэрэгжүүлэж байгаа бодлогод итгэх итгэлийг дээшлүүлж, тогтвортой өсөж дэвших боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

Гуравдугаарт, валютын ханшийг тогтворжуулж, цаашид үе шаттайгаар буулгаж аж ахуйн нэгжүүдийнхээ нуруун дээрээс нэг ч гэсэн ачааг хөнгөлөх шаардлагатай.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН:

Банкны салбарт үйлчилж буй хууль эрхзүйн томоохон шинэчлэлт хийе гэдэг зорилготой ажиллаж байгаа. Одоогоор 11 хуулийн төсөл боловсруулаад явж байна. Эдгээрийн нэг нь банкны тухай хууль. Монголбанк өөрөө хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барих эрх байхгүй учраас бид хууль тогтоогч нартай хамтран ажиллаж байна. Ойрын үед бид Банкны тухай хууль өргөн барих болно. Энэ хуулийг өргөн барих явцдаа бид зээлийн дээд түвшинг Төвбанкны оролцоотойгоор тогтоодог байхаар судалж үзэж байна. Энэ санал хууль санаачлагчийн дэмжлэгийг авбал ойрын үед УИХ-д орж ирж, хэлэлцэгдэх болно.

Бизнесийн хэрэглэгчийн итгэлийг сэргээх явдал маш чухал. Миний хувьд ил тод байх, үнэнээ хэлэх, бодлогоо тайлбарлах ёстой. Үүн дээр тулгуурлаад бизнес эрхлэгч нар шийдвэрээ гаргах ёстой гэдэг зарчим барьж байгаа. Энэ зарчмаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Ойрын гурван жилд инфляцийг их хэмжээгээр нэмэгдүүлэхгүй, тогтвортой барьна гэдгийг эдийн засгийн маш том индикатор гэж ойлгож байгаа. Үүн дээр тулгуурлаад бизнес эрхлэгчид өөрсдийн шийдвэрээ гаргаад явах ёстой.

Валютын ханшийг барихын тулд маш их ажилласан. Нэг жилийн хугацаанд нэг тэрбум орчим долларын интервенц хийсэн. Гадаадын байгууллагуудаас алтны санхүүжилт нэрээр авсан зээлүүдийг төлж барагдууллаа. Зарим арилжааны байгууллагуудтай хийсэн своп хэлцлийг буцааж, мөнгө төгрөгийг нь төлж өглөө. Одоогоор валютын нөөц 1,750 сая доллар байна. Оны төгсгөл хүртэл 200 орчим сая доллараар нэмэгдүүлэх бололцоотой гэж үзэж байгаа.

Мөн 1 сард төлөх “Чингис” бондныхоо өрийг төлөх мөнгө босголоо. Олон улсын санхүүгийн зах зээл дээрээс 800 сая долларыг оллоо. Нийтдээ 5,8 тэрбум долларын хүсэлт орж ирсэн.