2017.10.26

Ё.Баатарбилэг: Сангийн сайд Төсвийн байнгын хорооны хурлаар буруу ойлголт төрүүлсэн

Өнөөдөр /2017.10.27/ УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2018-2019 оны төсвийн төсөөллийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асуулаа.

Ё.БААТАРБИЛЭГ: ОРОН НУТГИЙН ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТАЛААР ЗАСГИЙН ГАЗАР ЦААШИД ЯМАР БОДЛОГО БАРИХ ВЭ?

Ирэх жил төсөв дээр Засгийн газраас яг ямар бодлого барьж ажиллахаа маш товч, тодорхой тайлбарлана уу. Халамжийн бодлого явах гэж байна гэсэн шүүмжлэл их дагуулж байна. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт 2016 онд орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтыг нээлттэй ил тод болгоно, ажлын байр нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ гэдэг чиглэлийн заалтууд орсон байна. Энэ заалтыг биелүүлэх чиглэлээр 2018 онд ямар шинэ өөрчлөлт бодлогын түвшинд орж ирэхээр төсөөлөгдөж байгаа вэ?

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгийг Сангийн сайд Төсвийн байнгын хорооны хурлаар буруу ойлголт төрүүлж тайлбарласан. Үүн дээр залруулга хийх хэрэгтэй. Өглөө таны ярьснаар бол ЖДҮ-ийг дэмжих сан дээр 263 тэрбум төгрөг байна гэж байсан. 263 тэрбум төгрөг жил, жилээрээ хэдэн тэрбум төгрөгийг ямар хөрөнгө оруулалтанд хийсэн, эргэн төлөлт нь ямар байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Орон нутгийн хөгжүүлэх санг Засгийн газар цаашид яана гэж бодож байгаа вэ? Энэ сангийн зарцуулалт, эргэн төлөлт маш их шүүмжлэл дагуулсан. Энэ салбарыг ил тод байлгах хэрэгтэй.

Ч.ХҮРЭЛБААТАР: ЖДҮ-ИЙН САНГИЙН МӨНГӨ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛАГДДАГ БОЛОХООР НЭМЖ МӨНГӨ ОРУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗСЭН

Хувийн хэвшлийг дэмжих бодлогоо бид зөв тодорхойлж орж ирэх ёстой гэж бид үзэж байгаа. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх чадвартай хүнийн тоо 1 сая 400. Үүнээс 192,000 хүн төрд ажиллаж байгаа. Үлдсэн бүх хүмүүс ТББ, хувийн хэвшилд ажиллаж байгаа. Хувийн хэвшлийг дэмжих хамгийн зөв бодлогыг төр авч хэрэгжүүлэх ёстой. Бүгдийг төр хийх гэж оролдсон гашуун туршлага бий.

2018 онд жижиг дунд бизнесийг дэмжих хамгийн зөв аргыг Засгийн газар өндөр хувийн хүүтэйгээр арилжааны банкуудаас мөнгө зээлэхгүй байж банкуудад эх үүсвэрээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд чөлөөтэй зээл олгох боломжийг нээж өгөх ёстой гэж хардаг.

Монгол Улсын ЖДҮ-ийн сангийн дүнг харахад 263,3 тэрбум төгрөг байна. Өгсөн мөнгө тэнд алдагддаг. Үр дүн байхгүй. Цөөн тооны аж ахуйн нэгжид очоод, тэр нь эргээд төлөгддөггүй. Тиймээс би дахиж мөнгө байршуулах шаардлагагүй гэж үзэж байгаа. Аль болохоор төсвийн алдагдлаа бууруулчихаад, арилжааны банкуудаас зээл авахгүйгээр цаашаа явах нь хамгийн зөв арга.

Манай нам өөрөө зүүний үзэл баримтлалтай. Хуулинд заагдсан, хуулиараа тусгагдсан зардлуудыг бид оруулж ирж байгаа. 2018 онд хэрэгжих “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Ё.БААТАРБИЛЭГ: ӨМНӨ НЬ БУРУУ БОДЛОГО БАРЬЖ АЖИЛЛАСАНААС БОЛООД ОДОО ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХОХИРООЖ БОЛОХГҮЙ

ЖДҮ-ийн санд үнэхээр 263,3 тэрбум төгрөг байгаа юм бол ярих юм алга. Харамсалтай нь тэр мөнгө нь өнгөрсөн жилүүдэд зүй бусаар зарцуулсан. Түүний үр дагавар нь одоо ид хийж бүтээж байгаа, хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бизнес эрхлэгчид золиос болж байна. Тодорхой хэмжээнд уян хатан хандахгүй бол тэд хохирч үлдэж байна.

Ч.ХҮРЭЛБААТАР: ӨГСӨН МӨНГИЙН БУЦААН АВАХ ТАЛ ДЭЭР САНААЧИЛГАТАЙ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ

263,3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй энэ сан сайн ажиллахгүй байна. Энэ сангаас мөнгө авсан хүмүүсийн бүх мэдээлэл байгаа. Тиймээс өгсөн мөнгийг буцаан авах тал дээр санаачилгатай ажиллах шаардлагатай.