Б.Баттөмөр 2017.10.30 | Сонин: Засгийн газрын мэдээ

Б.Баттөмөр: Биткойн төрийн мөнгөн дэвсгэртийн өрсөлдөгч

Б.Баттөмөр: Биткойн төрийн мөнгөн дэвсгэртийн өрсөлдөгч

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй крипто валют буюу цахим мөнгөний талаар ярилцлаа. Тэрбээр 2018 онд баримтлах төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг ахалж буйгаас гадна биткойний талаар судалгаа хийсэн юм.

-Сүүлийн үед хүмүүс крипто валют буюу цахим мөнгөний талаар ихэд сонирхох боллоо. Цахим орчинд арилжаанд орж, ашиг орлого олох хүсэлтэй хүн олон болжээ. Гэвч энэ нь луйвар байх эрсдэлтэй. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Биткойн бол онлайн байдлаар ашиглагдаг цахим мөнгө. Үүнийг ашиглан хүссэн зүйлээ авч болно. 2009 онд биткойн буюу анхны цахим мөнгийг гаргаж ирсэн байдаг. Түүнээс хойш найман жилийн хугацаанд дэлхийд 1000 орчим төрлийн цахим буюу бидний хэлж заншсанаар крипто валют үүсээд байна. Энэ олон крипто валют дотор биткойн хамгийн найдвартай нь гэж тооцогддог. Нийтдээ 21 сая биткойныг бүтээсэн байдаг. Нэг биткойн 100 сая ширхэг задгай биткойн бүтээх чадвартай. Одоогоор 16 орчим сая биткойнийг хүмүүс цахим орчноос олж авч өөрийн болгоод байна.

Биткойнийг нэмж бүтээнэ гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр үлдсэн тав орчим саяыг маш нарийн математик үйлдэл хийж байж олж авах боломжтой гэсэн үг. Үүнийг жирийн компьютер хийж чадахгүй, хэд хэдэн супер компьютер, тусгай мэргэшсэн багтай байх ёстой. Биткойны ард кодууд байна. Кодууд блок үүсгэнэ. Блок нь хоорондоо холбоотой гинжин хэлхээнд холбогдож байна. Блокоос биткойн гаргаж авна. Блокийг тайлахад математик тооцоолол хэрэгтэй болно. Ийм болохоор биткойнтой болох гэсэн залууст боломж байна гэж хэлэх гээд байна. Биткойныханш сүүлийн хэдэн жилд огцом өсөж одоогоор нэг биткойн 4800 ам. доллартай тэнцүү байна. Өнөөдрийн ханшаар нэг биткойн 11.7 сая төгрөгтэй тэнцүү гэсэн үг.

Биткойнтой болох хоёр үндсэн арга байна.

Нэг нь миний дээр дурдсан олон давхар математик үйлдлийн цаана үлдсэн тав орчим сая биткойнийг ухаж олж авах /англиар үүнийг mining буюу олборлолт гээд нэрлээд байгаа/, эсвэл крипто валютын арилжаа (forex- тэй төстэй арилжаа)-нд орж, цахим мөнгөтэй болох. Аль аль нь нарийн мэдрэмж, тооцоо судалгаа, арилжаа наймааны овсгоо гээд хувь хүний онцлогоос гадна цахим орчинд ажиллах мэргэжлийн түвшний ур чадвар шаардана. Үүнээс гадна эрсдэлээ дааж үүрээд гарах чадвартай байх ёстой. Гэхдээ манай монголчууд гүйлгээ ухаантай, ямар ч орчинд зүг чигээ хурдан олох мэдрэмж сайтай шүү дээ.

-Ганц биткойнтой болоход л 11.7 сая төгрөг хэрэгтэй юм байна. Манайхан аливаа шинэ юманд шуурч, зүгээр сууж байгаад л мөнгөтэй болох юм шиг туйлширдаг. Тэгж байгаад өм цөм алддаг. Гэнэн бөгөөд мэдлэггүй байдлыг нь гаднын луйварчид ашигладаг жишээ цөөнгүй. Үүнээс сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Цахим орчинд үл харагдах, ардаа алтны баталгаагүй мөнгөтэй боллоо гэж бодоход түүнийг хадгалах, арилжаанд оруулахад бас л ухаан хэрэгтэй. Гэхдээ аливаа юм хоёр талтайг мартаж болохгүй. Биткойн хадгалдаг цахим түрийвч гэж байна.

Энэ нь тухайн хүний нууцлалтай, нэвтрэх кодтой байна. Түүнийгээ бусдад мэдэгдэх юм бол мөнгөө алдана гэсэн үг. Бас цахим халдлагад өртөх эрсдэлтэй. Биткойний нэг онцлог нэг буруу үйлдэл хийх юм бол мөнгөө тэр чигээр нь алдана гэсэн үг. Буцаж сэргээнэ гэсэн ойлголт байхгүй.

2013 онд хувийн нууц кодоо хадгалсан хард драйваа санаандгүй устгасан хүн 7500 биткойн буюу тухайн үеийн ханшаар 7.5 сая доллараа алдсан тохиолдол гарч байсан.

Арилжаанд орохдоо мэдрэмжтэй байхгүй бол алдагдал хүлээнэ. Өнөөдөр арилжаанд идэвхтэй хэрэглэгдэж байгаа биткойний зах зээлийн үнэлгээ долоон тэрбум доллар даваад байна. Банкнаас гадуур эргэлдэж, арилжаа хийхэд ямар ч төвөггүй учир хүмүүсийн сонирхлыг татсаар байна.

-Биткойний ханшийг хэн тогтоодог юм бэ. Ханшийн хэлбэлзлээс болж алдагдал хүлээх магадлал өндөр юм биш үү?

-Ямар ч бизнес эрсдэлгүй байна гэж үгүй. Ер нь бол юу ч хийхгүй байсан ч эрсдэл гардаг биз дээ. Биткойнийг зохицуулдаг ямар нэг Засгийн газар, банк байхгүй учраас онлайн арилжаанд оролцогчид, хөрөнгө оруулагчид эрсдэлээ өөрсдөө л үүрнэ.

Эрсдэлээ багасгахын тулд мэдлэгтэй, чадвартай, мэдрэмжтэй байх ёстой болов уу. Биткойний ханш огцом өөрчлөгддөг учир ханшийн зөрөөн дээр асар их алдагдалд орох эрсдэлтэй. 2016 оны сүүлээр 770 доллартой тэнцүү байсан биткойний ханш энэ оны дөрөвдүгээр сард 1223 доллар болж огцом өссөн байдаг.

Саяхан Хойд Солонгос пуужин хөөргөж, дэлхийн улс төрийн нөхцөл байдал түгшүүртэй болж эхлэхэд ханш нь 5000 доллар дөхсөнөө одоо 4800 ам.доллартай тэнцэж байна.

Түүнчлэн биткойнийг олж авахад гарах зардал нэмэгдэхэд биткойны ханш өсдөг.

Биткойнийг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглахаас гадна хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгож болно. Мөн биткойноор цалинждаг ажил эрхэлж, биткойноор зээл олгож, зээлээ төлж, биткойноор мөрийтэй тоглож, үнэ хаялцуулан худалдаж, сугалаанд оролцож болдог. Гэхдээ аль ч тохиолдолд эрсдэлээ сайтар тооцох шаардлага зайлшгүй гарна гэдгийг огт мартаж болохгүй.

-Биткойний хэрэглээг зохицуулах хэрэгтэй юм биш үү. Шууд хааж, хязгаарлах эсвэл хориглох боломжгүй байх. Дэлхийд биткойн болон бусад крипто валют хэрэглэгч, түүгээр үйлчлэгч компанийн тоо өссөөр байгаа нь ойлгомжтой. Бид үүнд бэлэн үү?

-Биткойнийг үндсэндээ төрөөс гаргаж, алгаар баталгааждаг мөнгөн дэвсгэртийн өрсөлдөгч гэж тооцож болно. Мөнгөний нэг хэлбэр учраас хар захын наймаа. мөнгө угаах, хууль бус арилжаа наймаа, татвараас зугтаах зэрэгт мэдээж ашиглагдаж байгаа.

Ийм учраас засгийн газрууд биткойнийг ашиглах, түүгээр арилжаа хийх явдлыг зохицуулах гэж, зарим нь бүр хааж, хязгаарлах, хориглох гэж оролдсон байдаг. 2015 онд Нью-Иорк муж улсад биткойнийг худалдан авсан, зарсан, шилжүүлсэн, хадгалсан компаниуд хэрэглэгчдийнхээ хэн болохыг бүртгэж, мэдээлэх талаар журамласан байна.

Түүнээс гадна биткойн тоон системд суурилсан нүдэнд үзэгдэж харагдахгүй, барих барьцгүй учраас сүлжээнд хакер, вирус болон үйлдлийн системийн алдааны улмаас эрсдэл үүсч, алдагдах, хулгайлагдах эрсдэлтэй. Түүнчлэн луйварчид хуурамч биткойн зарах тохиолдол олон гарч байв. Энэ бүхнийг тооцоолж, сайн судалж мэдэж байж биткойний арилжаанд орох шаардлагатай.

Биткойноор үйлчилдэг байгууллагуудын тоо 100 мянга даваад байна. Биткойноор ямар ч улсын мөнгөн дэвсгэртийг сольж болно, ямар ч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авч болно. Мөн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгож болно. Кембрижийн их сургуулийн гаргасан судалгаагаар энэ онд 3-5 сая хүн крипто валютын түрийвч ашиглаж байгаагийн ихэнх нь биткойн эзэмшигчид. Монголчууд дэлхийн хандлагаас хоцорч болохгүй. Гэхдээ эрх зүйн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.

Сэтгүүлч Б.Баяртогтох