Бямбаа.Т 2017.10.27 | Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба

Автозамчдад мэндчилгээ дэвшүүлэв

Автозамчдад мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсад авто замын  салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойг тохиолдуулан авто замын салбарыг  хөгжүүлэх ариун үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэрэг, ажил мэргэжлийг залгамжлан шаргуу хөдөлмөр, бүтээлч үйлсээ зориулан ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнууд, нийт замчид  Та бүхэнд  Монголын авто замчдын холбооны  нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Манай үе, үеийн замчид салбарынхаа өмнө тавигдсан зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, жилийн дөрвөн улиралд авто тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх, зам хэрэглэгчдийн ая тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлж төр, түмэндээ үйлчлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

Авто замын салбар  2017 онд  улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 200,2 км авто зам, 422,5 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил, нийслэлийн төсөв, Нийслэлийн Авто замын сан,  гадаадын зээл тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт зэрэг 5 эх үүсвэрээр нийт 42 төсөл хэрэгжүүлж, шинээр 10,9 км авто зам барьж, 32.6 км авто замыг өргөтгөн шинэчилж, 5 байршилд шинээр нийт 3050 у/м гүүр барих төслийг 90 хувьтай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Манай холбоо үүсгэн байгуулагдсанаасаа хойш  авто замын салбарын инженер техникийн ажилтан,  мэргэжилтэй ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, өндөр хөгжилтэй орнуудын шинэ техник, технологи нэвтрүүлэх зорилгоор гадаадын олон улс орнуудтай холбоо тогтоон хамтран ажилласаар ирсэн бөгөөд энэ жил  ХБНГУ-д  15 оюутныг тэтгэлэгтэйгээр авто зам, гүнийн байгууламжийн ажилтан мэргэжлээр суралцуулж эхлээд байна. Мөн Казахстан улсын Авто замын эрдэм шинжилгээ судалгааны институт, БНХАУ-ын “Петрочайна Лиаохе Петрохемикал” компанитай Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон битумын туршилт шинжилгээг хамтран хийлээ.

Мөн олон улсад нэвтэрч байгаа сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник, технологийг сурталчлах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажиллагсад харилцан туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа холбоо тогтоох зорилгоор “Автозам Экспо” үзэсгэлэн бага хурлыг амжилттай зохион байгуулж ирсэн. Энэхүү үзэсгэлэнг 2018 онд БНСУ, ХБНГУ-уудтай хамтран зохион байгуулахаар тохиролцон бэлтгэл ажилдаа ороод байна.

Авто замчид  бид эрх зүйн орчноо шинэчлэх,  дотоодын зах зээлийг хамгаалах, мэргэжлийн боловсон хүчнээ дэмжин ажиллах, зам гүүрийн барилгын ажлын  чанарыг дээшлүүлэхээр салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын хүчин чармайлтаар Авто замын тухай хуулийг боловсруулан батлуулсан зэрэг амжилтуудаар ойгоо угтаж байна. 

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол эх орныхоо өнцөг булан бүрт түмэн олныхоо аялах алтан шар замыг барьж, засч буянтай үйл бүтээж буй олон зуун замчид, нийт хамт олон, зам хэрэглэгч Та бүхний алтан шар зам өлзийтэй байж, юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

           МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Т.БЯМБАА