Л.Болд: Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн санал бодлогын түвшинд харагдах ёстой
2017.10.31

Л.Болд: Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн санал бодлогын түвшинд харагдах ёстой

УИХ-ын гишүүн Л.Болдтой цөөн хором ярилцлаа.

-Ирэх оны төсөв дээр АН-ын бүлэг ямар бодлого баримтлах вэ. Мөн 56 тэрбум төгрөгийг төрийн албан хаагч нарт урамшуулал нэрээр төсөвлөж байгаа гэдэг мэдээлэл байна. Та төсвийн талаар мэдээлэл өгөөч?

-Өчигдөр ирэх оны төсвийн талаар анх удаа АН-ын бүлгийн хурлаар хэлэлцлээ.2018 оны төсвийн төсөл учраас танилцах хугацаа шаардлагатай байсан. АН-ын бүлгийн ажлын хэсэг ирэх оны төсөв дээр орж ажиллалаа. Үүнээс харахад ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг хассан байна. Энэ бол яавч байж болохгүй. Хүүхдийн мөнгийг олгох бололцоо байгаа гэдгийг энэ онд болсон олон үйл явдал харуулсан.

Хүүхдийн мөнгийг олгохгүй гэдэг асуудлаар ОУВС-гийн ард нуугдаад ч нэмэргүй. Түүнчлэн 55 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад урамшуулал нэрээр олгож, бэлэн мөнгө тараах гэж байгаа явдлыг АН-ын бүлэг болоод хувь гишүүнийхээ үүднээс би хүлээн зөвшөөрөхгүй.

Төр өнөөдөр ард түмнийг төрийн албан хаагч ба бусад гэж ялгаварлан гадуурхаж байна. Нийгэмд иргэн бүр цалингаа нэмүүлэх хүсэлтэй байгаа үед ганцхан төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийг гал намжаахаар тарааж байгаа нь төрийн албан хаагчдыг нийгэмд буруу ойлгуулах гэсэн бодлого гэж харагдаж байна.

Хөдөлмөрөө үнэлүүлээд, цалингаа нэмэгдүүлье гэсэн төрийн албан хаагчдын амыг таглах гэж бэлэн мөнгө тарааж байгаа нь тэднийг доромжилж байгаагаас өөрцгүй шүү дээ.

Эрх баригч нам нь ийм дорой сэтгэхүйтэй байж болохгүй ээ. Үүнийхээ оронд эдийн засгаа эерэг болго л доо. Инфляци өсч, валютын ханш өсөөд байгаа энэ үед бэлэн мөнгө тараах нь төрийн албан хаагчдад нэг удаагийн хишиг боллоо гэхэд инфляци өснө, бараа бүтээгдэхүүний ханш өснө гээд нийт улс оронд дарамт болно. Түүнийхээ оронд цалинг нь шатлалаар нь нэм л дээ.

-Төсвийн орлого, зарлага яаж тэнцэж байна вэ. Орлого болоод зарлага нэмэгдсэн үү?

-Орлогын тухайд гэвэл яагаад орж ирэх ёстой орлогууд ерөөсөө орж ирэхгүй, тооцогдохгүй байна вэ. Төсвийн орлогын зарлагын зөрүү их байна. Энэ асуудлыг шийдэхгүйгээр ямар ч хяналтгүй тогтолцоо руу шилжих гэж байна. Эдийн засагт эрсдэлтэй, ноцтой дүр зураг гэж харж байгаа.

Дээр хэлсэнчлэн хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр нэмэх асуудлаа огт ярихгүйгээр төсвөө батална гэдэг ард түмнээ бодохгүй байна гэсэн үг шүү дээ. Эдгээр асуудлуудаас гадна олон санал нийцэхгүй зүйлүүд байгаа учраас ажлын хэсэг гаргаж ажиллаад, нэгдсэн дүгнэлтүүдээ гаргах болно.

-Ерөнхийлөгчийн зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд хориг тавьсан. Үүнд 55 тэрбумыг бэлэн мөнгө хэлбэрээр тарааж байгаа асуудал болоод Монголын эдийн засгийг атгасан 30 гэр бүлийн асуудалтай холбон тайлбарласан. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Ч.Хүрэлбаатар өөрөө үнэхээр энэ 30 гэр бүлийн төлөөлөл юм уу?

-Ярьж байгаа үндэслэлүүдийг хүн бүр өөрийнхөө өнцгөөс тайлбарлаж байгаа байх. Энэ асуудлыг ярихаас өмнө одоогийн Засгийн газар өөрөө “60 тэрбум”-ыг үргэлжлүүлж байна уу. Өмнөх Засгийн газрын унасан шалтгаан бол ердөө л “60 тэрбум”-ын асуудал шүү дээ. Гэтэл өнөөдөр Засгийн газар нь 55 тэрбумыг бэлэн мөнгө хэлбэрээр тараагаад өмнөх Засгийн газрынхаа алдааг давтаад, зүсээ хувилгаад байгаа нь өөрөө асуудал.

Өмнөх асуудлууд нь шийдэгдээгүй гэдэг нь харагдаж байна. Шинэ Засгийн газрын давхар дээлний асуудлаас эхлээд чадамжгүй болж байна гэж харж байгаа. Шинэ Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа дутууг гүйцээж, алдааг нь засч явах ёстой.

Сайд нартай хариуцлага яриад явж байх ёстой УИХ өөрөө давхар дээлтэй сайд нараас бүрдчихсэн байгаа нь чадамжгүйг нь баталж байна. Энэ асуудалд АН-ын бүлэг өөрсдийн байр сууриа нэгтгэж хүргэх болно.

-30 гэр бүлд ямар хүмүүс багтаж байгаа юм бэ. Энэ асуудал сонгуулиас хойш удаан яригдаж байгаа асуудал шүү дээ?

-30 гэдэг тоондоо ч байгаа биш шүү дээ. Ердөө л цөөн, хэсэг бүлэг хүмүүсийн гарт нийгмийн баялаг ч тэр хууль хяналтын байгууллагууд ч орчихоод байгаа.

Төр засгийн бүх түвшинд өөрийнхөө эрх ашигт нийцүүлээд, гартаа оруулчихсан гэдэг нь сонгуулиар харагдсан шүү дээ. Ийм нөхцөлд ард түмний эрх ашиг, Монголын ирээдүй бүрхэг байна гэж харахаас аргагүй. 30 гэр бүл гэдэг бол “60 тэрбум” гэдэг шиг л нэр томъёо.

-Та нэрлэх боломжтой юу?

-Нэр хэлэхээргүй ойлгомжтой биш үү. Өнөөдрийн улс төрийг МАНАН-гийн бүлэглэл болгосон нь хэзээнээс эхлэлтэй вэ гээд бодох хэрэгтэй. Ямар хүмүүсийн хүрээнд энэ асуудал яригдсаар өнөөдрийг хүрэв.

Ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ бүлэглэлүүдийн эсрэг шийдвэр гаргаж сонголтоо хийсэн. Тиймээс сонголтынх нь үр дүн бодлогын түвшинд харагдах ёстой. Ард түмний сонголт биеллээ олох ёстой гэж би харж байгаа.

Сэтгүүлч Ж.МЯДАГБАДАМ