Х.Амгаланбаатар: Би баривчлагдаагүй
2017.10.31

Х.Амгаланбаатар: Би баривчлагдаагүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн гомдлоор Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас  Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо/МҮЭХ/-ны дарга Х.Амгаланбаатарыг баривчилсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслээр гарсан. Бид энэ талаар МҮЭХ-ны дарга Х.Амгаланбаатараас NEWS.MN сайт тодруулсан байна. 

-Олон нийтийн сүлжээгээр таныг баривчилсан талаар мэдээлэл гараад байна. Та энэ талаар тайлбар өгөөч?

-Би дөнгөж сая 25-р суваг телевизийн нэвтрүүлэгт ороод гарч ирлээ. Харин маш олон таньдаг хүмүүс над руу залгаж асууж байна. Би өөрөө ч тэр мэдээллийг хараагүй л байна. Би яг одоо МҮЭХ-ны байран дээрээ ажлаа хийгээд сууж байна. Ер нь сүүлийн нэг сарын хугацаанд над руу, МҮЭХ руу ч гэсэн дайрсан, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл их цацагдаж байгаа. Энэ бол зохион байгуулалттай тарааж байгаа мэдээлэл.

-МҮЭХ-той холбоотой үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл маш их гарах болсон нь зохион байгуулалттай гэсэн үг үү?

-МҮЭХ-ны дөрвөн жилд нэг удаа болдог Ерөнхийлөгчийн сонгууль ирэх долоо хоногт болно. Үүнтэй холбоотойгоор МҮЭХ-г харлуулах гэсэн оролдлогыг хэсэг бүлэг хүмүүс хийж байгаа. Тэр хүмүүс өөрсдөө ийм зүйл хийж байгаа гэдгээ ч олон нийтэд зарласан байна лээ.

Сэтгүүлч Ш.ЧИМЭГ