Чойжилсүрэн.Б 2017.11.01 | Сайт: Vip76.mn

Төсвийн тодотгол: Хүүхдийн мөнгийг 100 хувь олгож, төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал

Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд өсөж, ААН-үүдийн борлуулалт нэмэгдсэнээс шалтгаалан 2017 оны төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 900 тэрбум гаруй төгрөгөөр давж биелжээ.

Төсвийн тодотголыг ОУВС болон Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний шатны үнэлгээг хийсэн ажлын хэсгийн түвшинд хийж зорилтод үзүүлэлтүүдийг шинэчлэх тохирсон хэмээн Засгийн газраас онцолсон юм.

Төсвийн тодотголоор санхүүжихээр болсон салбаруудыг онцлон хүргэе.

Хүүхдийн мөнгө

Төсөвт тодотгол хийснээр он дуустал хүүхдийн мөнгийг 100 хувь олгохоор болсон. Үүнд нийт 104.5 тэрбум төгрөгийг нэмж тусгаж байна.

Төрийн албан хаагчдЫН УРАМШУУЛАЛ

Төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж буюу 300 мянган төгрөгийн олговор олгохоор болсон. Үүнд 192 мянган төрийн албан хаагчдын нийт 55 тэрбум төгрөгийг тусгажээ.

Цэргийн албан хаагчдын нэмэгдэл

УИХ-ын гишүүн Ж.Энбаярын саналын дагуу 603 офицерын цалинд шаардагдах 2.4 тэрбум төгрөгийг төсөвт суулгав.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр

Элэгний С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан 3.7 тэрбум төгрөгийг шинжилгээний зардалд нэмж тусгасан байна.

Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Гааль, татварын байгууллагуудын хэрэгжүүлэх чиг үүрэг нэмэгдэж байгаа тул тус байгууллагуудын бүтэц, орон тоог шинэчлэн зохион байгуулах, үүнтэй холбоотойгоор гарах цалин хөлс болон урсгал зардлыг 3.000 сая төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангуулах

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” тогтоолын дагуу шаардагдах цалин, нийгмийн даатгалын шимтгэл, шуудан холбооны зардал, байцаан шийтгэх ажиллагааны зардалд нийт 500 сая төгрөг нэмж тусгав.

Өвөлжилт, цаг үеийн тулгамдсан асуудал

Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, буудайн үрийн нөөц бэлтгэх, махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх дэмжлэг зэрэг цаг үеийн тулгамдсан арга хэмжээг төсөвт тусгажээ. Эдгээр нь нэг удаагийн шинжтэй арга хэмжээ бөгөөд нийт 95.1 тэрбум төгрөгийг тооцлоо.

Хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах

Монгол Улсын 2017 оны төсөв батлагдсанаас хойш хугацаанд төсвийн захирагчаас үл хамаарах шалтгааны улмаас боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй байгууллага болон бусад төсөвт байгууллагад үүссэн урсгал зардлын өр төлбөрийг шийдвэрлэх шаардлага гарсан тул 38.9 тэрбум төгрөгийн өр, төлбөрийг барагдуулахаар тусгасан байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn