С.Чинзориг 2017.11.01 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд С.Чинзориг БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд С.Чинзориг БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр БНСУ-ын Нийгмийн халамжийн байгууллагуудын үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч  Сух Сангмок тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд манай хоёр орны харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцлоод Монгол Улсад зочилж буй БНСУ-ын Нийгмийн халамжийн байгууллагуудын үндэсний зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийллээ.  Солонгосын Нийгмийн халамжийн байгууллагуудын үндэсний зөвлөлийн гишүүд энэ удаа нийгмийн халамжийн тогтолцооны талаар санал солилцож, "Үйлчилгээний чанарыг амьдралын чанарт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж туршлагаасаа хуваалцахаар ирсэн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Манай улс гурван сая хүн амтай хэдий ч нийгмийн халамжийн чиглэлд нэн яаралтай засч залруулах зүйлс олон байна. Ялангуяа иргэддээ чиглэсэн халамжийн бодлогыг оновчтой зөв бий болгох шаардлага бидний өмнө тулгараад байна. Бид халамжийн чиглэлээр өнгөрсөн хугацаанд чамгүй олон ажлыг хийж хэрэгжүүлж ирлээ.

Сүүлийн жилүүдэд хүн амынхаа өсөлтийг дэмжих бодлогод ихээхэн анхаарч, энэ хүрээнд хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгож, 2018 оноос 0-3 настай хүүхдээ гэртээ асарч байгаа ээжүүдэд сар бүр мөнгөн тэтгэмж олгохоор болсон зэрэг хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого барьж ажиллаж байна" хэмээгээд цаашид халамжийн чиглэлээр барьж буй бодлого, үйлчилгээгээ улам чанартай болгож, нэр төрлийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгасан юм.

Сайдын хэлснээр гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд хүүхэд болон ахмад настныг гэр бүлийн орчинд асарч халамжлах төрөлжсөн асрамжийн төвүүдийг бий болгоход анхаарч ажиллана гэв. Мөн сайд Монгол Улсад халамжийн бодлогыг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой хослуулан авч явах шаардлагатай байгаа бөгөөд халамжийн чиглэлээр ажиллах чанартай боловсон хүчнийг бэлтгэх, сургаж дадлагажуулах, туршлага судлахад БНСУ-тай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

БНСУ-ын Нийгмийн халамжийн байгууллагуудын үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Сун Санмок цаг гарган хүлээн авч уулзсан С.Чинзориг сайдад талархал илэрхийлээд өөрийн улсын нийгмийн халамжийн салбарын туршлагаас товчхон хуваалцсан юм. Түүний хэлснээр халамжийн бодлогыг эдийн засгийн үр өгөөжтэй холбож байж иргэндээ хүрсэн зөв бодлого болдог. БНСУ 1960 он хүртэл үндсэндээ халамжийн бодлогод огт анхаарал хандуулаагүй бөгөөд хамгийн хямд зардлаар ч хамаагүй хүмүүсээ ажилтай байлгах ёстой гэж үздэг байж. Харин эдийн засаг нь сайжирч, үсрэнгүй хөгжилд хүрснээр халамжийн бодлогодоо шинэчлэл хийж чадсан гэнэ. Тэрээр мөн халамжийн бодлого хамгийн гол нь үр дүнтэй, хүртээмжтэй, чанартай байхад анхаарах ёстой юм билээ хэмээн туршлагаасаа хуваалцсан юм.