2017.11.02

Б.Бат-Эрдэнэ: Өмнөх Ерөнхийлөгч уул уурхайн лицензтэй холбоотой амлалт өгсөн ч хүрч чадаагүй

Өнөөдөр /2017.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон тогтоолд хориг тавьсан асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн юм.

Б.БАТ-ЭРДЭНЭ: ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД УУЛ УУРХАЙН ШУДАРГА БУС ХУВААРИЛАЛТЫГ ШУДАРГА БОЛГОНО ГЭЖ ЯРЬСАН Ч АМЛАЛТАА ЭХНЭЭСЭЭ ЗӨРЧИЖ БАЙНА

Энэ Засгийн газрыг байгуулагдсан цагаас байр сууриа илэрхийлж л ирсэн. Шинэ Ерөнхий сайд амлахдаа уул уурхайн шударга бус хуваарилалтыг шударга болгоно гэж ярьж байсан. Гэсэн ч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн байгуулагдахаас эхлээд л зөрчигдсөн. АН-ын бүлгийн дарга хэлж байна гэдэг талаас нь харах биш. Ерөнхий дүнгээр нь харах хэрэгтэй.

Өмнөх Ерөнхийлөгч уул уурхайн лицензтэй холбоотойгоор амлалт өгсөн ч хүрч чадаагүй. Тиймээс миний хувьд бол Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зөв гэж харж байгаа.

Оюу Толгойн гэрээ угаасаа муу байгуулагдсанд Ч.Хүрэлбаатар хувь нэмрээ оруулсан нь үнэн. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахад гарцаа байхгүй шахалтад орсон. Цаашид Ч.ХҮрэлбаатараас ямар шийдвэр гарахыг хэлж мэдэхгүй байна. Төрийн ажлыг урагш нь явуулах ёстой. МАН-ын 65 өнөөдөр хоёр бүлэг болж хуваагдаад хуралдаад байх юм.

Нам дамнасан бүлэглэл чинь нам дотроо байгаа мэтээр харагдаад байна.