Сарангэрэл.Д 2017.11.02 | Телевиз: МҮОНТВ, Яамны хэвлэл мэдээллийн алба

Д.Сарангэрэл: 30 орчим жилийн хугацаанд үр хөндөлтөөр 1 сая гаруй хүнээ алдсан

Д.Сарангэрэл: 30 орчим жилийн хугацаанд үр хөндөлтөөр 1 сая гаруй хүнээ алдсан

Монголын эмэгтэйчүүдийн чинээлэг хэсэг нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авч чадаж байгаа бол ядуу эмэгтэйчүүд ийм төрлийн сайн үйлчилгээ, жирэмсний үеийн эрүүл мэндийн хяналт, эмчилгээг хүртэж чадахгүй байгаа талаар НҮБ-ын Хүн амын сангаас мэдээллээ.

Энэ талаар НҮБ-ын Хүн амын сангаас жил бүр гаргадаг "Дэлхийн хүн амын  байдал-2017" тайланг танилцуулах үеэр НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахара хэлсэн юм.

Энэ жилийн тайланд дэлхийн эдийн засаг хүн амын тэгш бус байдалд нөлөөлж, хамгийн ядуу эмэгтэйчүүдэд тулгарч буй тэгш бус байдлыг шийдвэрлэж, тэдний эрхийг  хамгаалахгүй бол дэлхийн хөгжлийн зорилтуудад хүрч чадахгүй байж болзошгүйг анхааруулжээ.

ЭМЭГТЭЙЧҮҮД НӨХӨН ҮРЖИХҮЙГЭЭ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛСОН ТОХИОЛДОЛД СУРЧ БОЛОВСОРЧ, ЦАЛИНТАЙ АЖИЛ ХИЙЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ИЛҮҮ ИХ ЭРХ МЭДЭЛТЭЙ БОЛДОГ

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахара:

“Хөгжиж буй ихэнх улс орнуудад ядуу эмэгтэйчүүд хэзээ, ямар зайтай, хэдэн хүүхэдтэй болохоо шийдэх эрх хомс байдаг учраас тэдэнд төлөвлөх орчинг бүрдүүлэх ёстой.  Мөн жирэмсэн үеийн болон амаржих үеийн эмнэлгийн чанартай үйлчилгээ авч чадахгүй байна. 

Энэ тэгш бус байдлыг нэн даруй шийдвэрлэж, ядуу эмэгтэйчүүд амьдралаа өөрсдөө шийдэх эрхтэй болгохгүй бол улс орнууд эдийн засгийн тогтвортой бус байдал, нийгмийн задралд орж болзошгүй байгааг өнгөрсөн сард НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан тайланд онцолсон байна. Эмэгтэйчүүд нөхөн үржихүйгээ хянах боломжтой болсон тохиолдолд сурч боловсорч, цалинтай ажил хийж, эдийн засгийн илүү их эрх мэдэлтэй болдог”  гэсэн юм.

Тус тайланд дурдсанаар, Монголд бараг гурван хүний нэг нь ядуу амьдарч байна. Бидний тооцоогоор Монголд нийт жирэмслэлтийн 14 хувь нь хүсээгүй, огт төлөвлөөгүй жирэмслэлт байна. Энэхүү тоон мэдээллээс үзвэл эмэгтэйчүүд жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл, холбогдох мэдээллийг авч чадахгүй, улмаар ядуурлын эргүүлгээс гарч чадахгүй улам ядуурч байна" гэлээ.

МОНГОЛ УЛСАД ЯДУУРЛЫН ТҮВШИН 29 ХУВЬД ХҮРСЭН, 900 ГАРУЙ МЯНГАН ХҮН ЯДУУ АМЬДАРЧ БАЙНА

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 

"НҮБ-ын Хүн амын сангийн тайланг танилцуулаад "Хамгийн холд нь эхэлж хүрэх" гэсэн уриа зорилготой, үйл ажиллагааныхаа чиглэлийг гаргасан байна. Ядуу байдлаасаа болоод жирэмсэн эхчүүд, нөхөн үржихүйн насан дээрээ байгаа охид эмэгтэйчүүд өөрт ойрхон авч чадахгүй байна. Амьдралын нөхцөл байдал, орлогын багаас болоод үйлчилгээ авах боломжгүй байна. Монгол Улсад ядуурлын түвшин 29 хувьд хүрсэн, 900 гаруй мянган хүн ядуу амьдарч байна.

Үр хөндөлтийн тоо жилд 18 мянгад хүрээд байна.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад эхийн эндэгдэл буурсан ч энэ оны эхний найман сарын байдлаар 14 эх эндчихээд байна. Эхний найман сарын байдлаар 825 хүүхдээ алдчихаад байна.

Үр хөндөлтийн тоо жилд 18 мянгад хүрээд байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үр хөндөлтийг үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрээд байгааг мэдээлж байсан. Бид өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд үр хөндөлтийн улмаас 1 сая гаруй хүнээ алдсан гэсэн тоо хэлж байсан.

Ядуурал, эмэгтэйчүүдийн хүнд нөхцөл байдал ажилгүйдэлтэй холбоотой. Хүүхдүүд нь цэцэрлэггүйтэй холбоотой. 60 мянган хүүхэд цэцэрлэгт явж чадахгүйгээс залуу ээжүүд хүүхдээ хараад гэртээ сууж байна. Шинэ Засгийн газрын хамгийн түрүүнд баримталж буй чиглэл бол бүх хүүхдийг цэцэрлэгтэй болгох.

Мөн Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн боловсролыг шинэ түвшинд гаргах зорилт тавьж ажиллаж байна. Эрүүл мэнд, жирэмслэлтээс хамгаалах тухай мэдээлэл дутмаг байна” гэв.

ЯДУУ БУУРАЙ ОРНУУДАД ЖИРЭМСНЭЭС ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙГ ҮНЭГҮЙ ХИЙЖ ӨГДӨГ БОДЛОГО БАРЬДАГ ЮМ БИЛЭЭ

Залуучуудыг төлөөлж Г.Ариунзул:

“Залуу охидод нөхөн үржихүйн талаар цэгцтэй мэдээлэл байдаггүй. Би өөр дээр жишээ авахад сарын тэмдэг, бэлгийн харилцааны талаар найз нөхдөөсөө сонсож байсан.

Хангалттай орлоготой, хүүхдийнхээ боловсрол, мэдлэг, эрүүл мэндэд санаа тавих чөлөөт цагтай эмэгтэйчүүд охидтойгоо ярилцах илүү боломжтой байна. Үүнээс үүдэж тэгш бус байдал бий болж байна.

Мөн жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийг өнөөдөр бүх охид худалдан авч, хэрэглэж чадах уу. Ядуу буурай орнуудад хамгаалах хэрэгслийг үнэгүй хийж өгдөг бодлого барьдаг юм билээ. Ямар ч орлоготой охид аваад хэрэглэхэд хүрэлцээтэй, эрх тэгш байх нөхцлийг бүрдүүлээсэй. Энэ асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлээсэй гэж залуу охидын өмнөөс хүсэж байна” гэв. 

Тус тайланд мөн жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохгүй байх, ажил олгогч нар жирэмсэн эмэгтэйг явгаварлан гадуурхах зэрэг жирэмсэлснийх нь төлөө гэсгээх мэт зохисгүй явдал амь бөхтэй байгаа учраас ажил хөдөлмөр эрхэлж буй олон эмэгтэй цаашид ажил, албан тушаал ахих, үр хүүхэд төрүүлэх хоёрын аль нэгийг сонгоход хүрч байна.