Н.Учрал 2017.11.02

Н.Учрал: Манай улсын төлөөллийн ардчилал сонгодог утгаа алдаж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын "Засгийн газрын гишүүдийг томилох тухай" тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Өөрөөр хэлбэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилоход ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн юм.

Н.УЧРАЛ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ХУУЛИАР ХЭН Ч ТӨЛӨӨЛӨХГҮЙ. ЭРХЭЭ ӨӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ЗАРЧИМ АЛДАГДСАН БАЙНА

Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт нь эв нэгдлийг эрхэмлэнэ гэж байдаг. Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийг хангагч байгаасай гэж ард түмэн хүсдэг. Гэтэл өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал нүүрлэсэн байна. Манай улсад төлөөллийн ардчилал сонгодог утгаа бүрэн алдлаа. Үндсэн хуулийн 33.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч хориг тавьсан гэж яриад байна. Энэ бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал биш. Энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй.

Хэрэв томилох асуудал дээр хориг тавьж байгаа бол Ерөнхийлөгч чөлөөлөх дээр ч хориг тавина гэсэн үг. Цаашдаа сайдыг чөлөөлөх тушаалд хориг тавиад, УИХ-ын гуравны хоёр нь шийдэхгүй бол сайд нь буцаад ажилдаа очих систем рүү явж байна.

Албан бичгийнхээ үндэслэлийг тодорхой болгох ёстой. Ерөнхийлөгчийн бүхэл бүтэн институци ажиллаж байгаа. Бид 1992 оны шинэ Үндсэн хуулиар нэг л том өөрчлөлт оруулсан. Тэр нь гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутай нь тооцож үл болно гэдэг зарчимтай. Ийм зарчим байхад төрийн тэргүүний институцээс ийм албан бичиг оруулж ирдэг нь хуульзүйн хувьд боломжгүй. Үндэслэл байхгүй байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хуулиараа хэн ч төлөөлөхгүй. Эрхээ өөрөө хэрэгжүүлдэг зарчим алдагдсан байна.