Сүхбаатар дүүрэг хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байртай болно
2017.11.02

Сүхбаатар дүүрэг хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байртай болно

Засаг дарга Х.Болормаа өчигдөр дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тусламж үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтад ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү, Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Ц.Хулан нар оролцов.

Энэ үеэр Засаг дарга “Дүүргийн хэмжээнд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байр нэмж байгуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэе. Хамгаалах байр байгуулахтай холбогдох судалгааг гаргаж танилцуулах”-ыг дүүргийн Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн хэлтсийн даргад үүрэг болголоо. Нийслэлийн хэмжээнд “Нэг цэгийн үйлчилгээний төв”ЭМЯ-ны харьяа Гэмтэл, согогын үндэсний төв, ХЗДХЯ-ны харьяа Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, НЭМГ-ын харьяа Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв дээр тус тус байдаг бөгөөд хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм.