С.Эрдэнэ: Хуучин эрх ямба нь хумигдсан гишүүд намаас гарсан байхыг үгүйсгэхгүй
2017.11.03

С.Эрдэнэ: Хуучин эрх ямба нь хумигдсан гишүүд намаас гарсан байхыг үгүйсгэхгүй

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс дараахь тодруулгыг авлаа.

-АН-ын нэр бүхий гишүүд намын гишүүнчлэлээсээ татгалзсан гэх мэдээлэл цацагдаж байна. Хэр бодит мэдээлэл вэ?

-Нэгдүгээрт, өнөөдрийн байдлаар манай намын нөхөд тусдаа нам байгуулах асуудлаар надад ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй байна. Хоёрдугаарт, манай нам нээлттэй. Тиймээс Ардчилсан намд хэн ч элсэж болно, бас хэн ч намын гишүүнчлэлээс татгалзаж болно. Хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүс Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзсанаар манай нам хуваагдахгүй. Учир нь манай нам 180 мянга орчим гишүүнтэй. Өнөөдрийн байдлаар татвар төлөлтийн үйл ажиллагаанаас харахад гишүүд намын үйл ажиллагаандаа идэвхитэй оролцоод явж байгаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд намын шинэчлэлийн ажил эрчимтэй явагдаж байна. Магадгүй энэхүү шинэчлэлийн үйл ажиллагаа таалагдаагүй, хуучин эрх ямба нь хумигдсан, эсвэл нам дахь нөлөөлөл нь багассан, орон зай нь хязгаарлагдмал болсон гишүүн намаас гарсан байхыг үгүйсгэхгүй. Ямар сонголт хийх нь тухайн хүний асуудал.

-УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш танай намын лидерүүдийн идэвхи буурсан уу. Нэр дурдагдсан намынхаа гишүүдтэй уулзсан уу?

-Намын гишүүдийн оролцоо янз бүр байгаа. Нэг хэсэг нь намынхаа бодлого шийдвэрт оролцохын зэрэгцээ өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, намынхаа шинэчлэлийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Ор сураггүй алга болсон хүмүүс ч бий. Хувь, хувьсгалын ажлаа зохицуулж яваа эсэхийг мэдэхгүй байна. Энэ бол аль ч улс төрийн хүчинд байдаг асуудал. Намын гишүүд бүгдээрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаанд оролцоно гэж байхгүй. Мөн бүгдээрээ алга болохгүй. Намын шинэ дүрэмд ҮБХ-ны гишүүд болон сонгуульт албан тушаалтнуудын үүрэг оролцоог заахын зэрэгцээ оноогоор дүгнэх зарчимд шилжсэн. Тэгэхээр энэ оны эцэст ҮБХ-ны гишүүдийн оролцоог оноогоор дүгнэнэ. Оноогоор дүгнэхдээ тухайн орон нутгийн намын хорооны дүгнэлтэд тулгуурлана. Шаардлага хангаагүй ҮБХ-ны гишүүн байвал ирэх оны гуравдугаар сарын 1-ний дотор дотоод сонгууль явуулна.

-Засгийн газрын зүгээс ТЕГ-ын даргын албан тушаалыг хашиж байсан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар илгээх шийдвэр гаргалаа. Төрийн бодлого талаасаа энэ нь хэр зохистой шийдвэр вэ?

-Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргаад, УИХ руу оруулж ирнэ. УИХ-ын гишүүд ч тодорхой байдлаар байр сууриа илэрхийлэх байх. Засгийн газар тэр дундаа Гадаад харилцааны сайдын зүгээс яг ямар шалтгаанаар Б.Хурцыг БНСУ руу Элчингээр томилж буй үндэслэлийг нь мэдэхгүй байна. Улсын нууцын асуудлыг барьж байсан хүнийг Элчин сайдаар томилж буй нь тодорхой хуулиудтай нийцэж байгаа учраас ийм санал гаргаж байгаа болов уу.

-Элчин сайд нарыг томилохдоо хэн нэгнийг гомдоохгүйн үүднээс шагнал мэтээр өгч буй нь олон нийтийн шүүмжлэлд өртдөг?

-Энэ Монгол Улсын гадаад нэр хүндийн асуудал. Шагналын маягтай Элчин сайдаар томилдог байдал нь гэм биш зан болчихлоо. Тэтгэвэрт гарахаар нь ч юм уу, аль нэг албан тушаалаас чөлөөлөгдөхөөр нь Элчин сайдаар явуулчихдаг. Аль социализмын үед ийм байсан. Одоо ч хэвээрээ. Гэхдээ цаашдаа Монгол Улсыг гадаад орчинд маш сайн төлөөлөх хүнийг Элчингээр явуулж байж л улсын нэр хүнд өснө.

-Б.Хурц дипломатчийн түвшинд улсынхаа нэр хүндийг өргөж ажиллаж чадах болов уу?

“Хэлж мэдэхгүй юм. Гэхдээ Б.Хурц бол хуульч мэргэжилтэй, тагнуулын байгууллагын гол бодлогыг барьж байсан хүн мөн. Б.Хурцыг мэргэжлийн дипломатч хүн гэж би дуулаагүй.

Ж.МЯДАГБАДАМ