О.Баасанхүү 2017.11.03

О.Баасанхүү: Өрийг өрөөр төлж байна

Өнөөдөр /2017.11.03/ УИХ-ын чулуганаар 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа.

О.БААСАНХҮҮ: ЗЭС, НҮҮРСНИЙ ҮНИЙГ ТООЦОХДОО БОРЛУУЛАЛТЫН ЭРДСЛИЙГ ТООЦСОН УУ?

Зэс, нүүрсний үнэ Монгол Улсад таатай нөхцөл байдал үүсгэж байгаа. Гэхдээ урд хөрш рүү явж байгаа вагон болон нүүрсний машинуудад оочер үүсч, удаан хүлээдэг худалдаж авдаггүй тохиолдол байна. Энэ эрсдлийг төсвийн хүрээний мэдэгдэлд тооцож үзсэн үү? Өчигдөр Эрдэс-Монголын хүмүүстэй уулзахад байдал хүнд байгааг хэлж байсан. Ялангуяа урд зүгээс хэлэхгүйгээр ашигт малтмалуудыг зогсоогоод байна. Бид өнөөдөр мэдэгдэл хийдэг боловч нөгөө талд худалдан авалт бууралттай байвал энэ мэдэгдэл цаасан дээр бичсэн тоо болоод үлдэх вий гэж санаа зовж байна.

Жил болгон алдагдалтай төсөв баталж байна. Таарсан төсөв байж болдоггүй юм уу? Байгаа хөрөнгөндөө тааруулаад, төсвийн хүрээний төсөөллөө баталгаажуулж болохгүй юу? Энэ жил хэр их алдагдалтай төсөв тооцож оруулж ирж байгаа вэ?

Бондыг бондоор төлж байна гэдэг нь өрийг өрөөр төлж байнаа гэсэн үг. Манайх өрийн босгоо хэдэн хувиар давсан бэ? Хуулиар 50 хувиас дээш байлгаж болохгүй гэсэн боловч хэтрээд явчихлаа.

Ч.ХҮРЭЛБААТАР: ГАДАГШАА ГАРЖ БАЙГАА НИЙТ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ 4 САЯ ТОННООР БУУРУУЛЖ ТООЦСОН

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш урд хилээр гарч байгаа нүүрсний хэмжээ буурсан. Нүүрс гаргаж байгаа компаниуддаа квот тогтоох замаар энэ оочерыг багасгаж байгаа. 2017 онд нийт гаргаж байгаа нүүрсний хэмжээг 32 сая тонноор тооцсон. 2018 оны төсөв дээр үүнийг бууруулж 28 тонноор тооцож байгаа. Хэтэрхий өндөр тооцож орлогод оруулчихвал, дараа нь санхүүжих ёстой ажлуудад өр тавьж санхүүжүүлэхаар өөр аргагүй болдог. Таны хэлсэнчлэн урд хөрштэй сайн ойлголцож, энэ асуудлаа нэг талд гаргахгүй бол байдал хэцүү байгаа. Тооцоог бид яг бодитойгоор гаргасан.

Төсвийн алдагдлын хэмжээ 2 их наяд 420,4 тэрбум төгрөгний алдагдалтай байгаа. 2017 онтой харьцуулахад төсвийн алдагдлыг 300 орчим тэрбум төгрөгөөр бууруулж орж ирж байна. Алдагдлыг огцом буулгавал зарим нийгмийн шинжтэй хөрөнгө оруулалт буурч, эдийн засгаа царцаах магадгүй гэсэн болгоомжлолоор аажимдаа буулгах тактик барьж байгаа.

Энэ онд ДНБ 8 хувь, ирэх жил 6 хувь, дараагийн жил нь 4 хувьтай байхаар тооцоолж байна. Энэ алдагдлыг өндөр хүүтэй дотоодын арилжааны банкуудаас авсан зээлээр нөхөхгүй гэсэн бодлого барьж байна. Төсвийн алдагдлын 50 хувь нь авсан зээлийнхээ хүүнд төлж байгаа мөнгө. Тиймээс бид хүүгээ буулгах замаар төсвийн алдагдлаа бууруулах нь илүү оновчтой гэж үзэж байна.

Урд нь өрийн хэмжээ ДНБ-д эзлэх өнөөгийн үнэ цэнээр 40 хувь гэж анх баталсан. 2012 оноос хойш явсаар байгаад 80 хувь руу орсон байна. Харин ирэх жил 75 хувь, дараагийн жил нь 70 хувь болгож бууруулахаар төлөвлөж байна. Өрийн хэмжээг буулгах нь энэ төсөв дээр тавигдаж байгаа Монгол Улсын зорилтуудын нэг гол хэсэг.

О.БААСАНХҮҮ: ЗЭСИЙГ БОРЛУУЛАЛТЫГ ЯАЖ ТООЦСОН БЭ?

Зэсийг яаж тооцсон бэ? Оюу-Толгойн зэсийн хувьд урагшаа гарах борлуулалт эрс буурсан гэж сонссон. Яг хэр зэрэг буурсан бэ? Худалдан авах таатай нөхцөл үүссэн байгаа дээр хурдан зарах хэрэгтэй. Цаана нь хэрэгцээ байгаа ч гэсэн бодлогоор хаалт хийж байна гэж би харж байна.

Ч.ХҮРЭЛБААТАР: НИЙТ 1 САЯ 366 МЯНГАН ТОНН ЗЭСИЙН БАЯЖМАЛ ГАРНА

2018 онд Монгол Улс 1 сая 366 мянган тонн зэсийн баяжмал гаргахаар төлөвлөж байна. Оюу-Толгой 764,8 мянган тонн, Эрдэнэт үйлдвэр 601,2 мянган тонн зэсийн баяжмал гаргахаар тооцож байгаа. Үүнээс улсын төсөвт төлөгдөх татварын хэмжээгээр Эрдэнэт үйлдвэрээс 538,4 тэрбум төгрөг авахаар тооцож байна. Харин Оюу-Толгойгоос 406,1 тэрбум төгрөг авна гэж тооцож байна. Нийтдээ 1 их наяд орчим төгрөгийг энэ хоёр компаниас авахаар төлөвлөж байна.