Хүрэлбаатар.Ч Г.Тэмүүлэн 2017.11.03 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуультай холбогдох төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуультай холбогдох төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар батлагдсан. Мөн 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсөөллийн тухай хуулийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолд “Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн эдийн засаг, санхүү, төсвийн бодлогын арга хэмжээний хүрээнд эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, төсвийн орлого нэмэгдэх нөхцөл байдал үүсэх тохиолдолд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсөөллийн тухай хуулиар батлагдсан үндсэн үзүүлэлтүүдийг 2018 оны төсвийн тухай хуулийг боловсруулах үед дахин авч үзэж, холбогдох өөрчлөлтийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд оруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасны дагуу холбогдох өөрчлөлтийг хуульд оруулахаар уг хуулийн төслийг боловсруулжээ.

ОУВС болон Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний шатны үнэлгээг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 8 дугаар сарын 2-ны өдрийн хооронд ажлын хэсгийн түвшинд хийсэн. ОУВС-ийн ажлын хэсгийн зүгээс хөтөлбөр сайн хэрэгжиж, бүх тоон зорилтууд хангагдсан болохыг мэдэгдсэн. Түүнчлэн хөтөлбөрийн 2 дахь шатны үнэлгээг ОУВС-ийн зүгээс ирж хийсэн бөгөөд уг үнэлгээний хүрээнд Монгол Улсын 2018 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор дунд хугацааны макро эдийн засгийн тооцоолол, төсвийн орлого, зарлагын төсөөлөл зэрэг үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөхөөр байна. Энэ нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа аж.

Иймээс дээрх зарчмын дагуу холбогдох өөрчлөлтийг тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 7,231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 9,651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,420.4 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -8.0 хувьтай байхаар байгааг Сангийн сайд илтгэлдээ дурдлаа.

Харин уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын ИХ Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэж дэмжсэн.  

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Д.Тэрбишдагва нар асуулт асууж тодруулсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эдийн засгийн өсөлтөд анхаарч өрийн хэмжээг аль болох бага байлгахад чиглэсэн зохицуулалтыг төсөөлөлд тусгасан. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш урд хөрш рүү гарч байгаа нүүрсний хэмжээ буурсан, урт дараалал үүссэн нөхцөл байдлыг харгалзан төсвийн тооцооллыг илүү бодитой болгох үүднээс энэ онд 32 сая тонн нүүрс гаргахаар тусгасан байсныг ирэх онд бууруулж 28 сая тонныг гаргахаар тусгасан. Энэ чиглэлээр Засгийн газар бүхий л арга замыг эрэлхийлж, сайн ажиллах шаардлага тулгарч байгаа.

Ирэх оны төсвийг алдагдалтай байхаар тооцож оруулж ирсэн. Гэхдээ төсвийн алдагдал ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний 8 хувь, 2019 онд 6 хувиас хэтрэхгүй байхаар төсөөлж байгаа. Төсвийн алдагдлыг ийм замаар үе шаттайгаар аажмаар бууруулах зарчим барьж ажиллана. Мөн өрийн хэмжээг бууруулах нь төсвийн гол зорилго учраас өрийг шат дараатай буулгахаар төсөөлөлд тусгасан гэдгийг хэллээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан, Ж.Батзандан, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.