Хүрэлбаатар.Ч Н.Амарзаяа 2017.11.03 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Төсвийн хуулийг дагалдсан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Төсвийн хуулийг дагалдсан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Ирэх оны улсын төсөв, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн сангийн төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан нийт 15 хууль, Улсын Их Хурлын хоёр тогтоолд өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас 2017 оны аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Мөн эдгээр хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм.

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулжээ.

Харин Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “2018 оны” гэснийг “2019 оны” гэж өөрчлөх,  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 2 дугаар зүйл, 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөхөөр тусгасан байна.  

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх бөгөөд эрүүл мэндийн даатгалын орон нутгийн салбар, нэгж нь эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлагын доор үйл ажиллагаа явуулна”, “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын даргыг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө” гэсэн агуулгатай “Эрүүл мэндийн даатгалын байгууллага, түүний удирдлага” гэсэн 151 дугаар зүйл,  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 15 дахь заалтад “- эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалт” гэж тус тус нэмэх,  ”Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” хэсэгт “18.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” гэж нэмэх, мөн хавсралтын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” хэсгийн “9.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар” гэснийг “9.Нийгмийн даатгалын ерөнхий газар” гэж өөрчлөхөөр тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, М.Билэгт, Ж.Мөнхбат, Д.Тэрбишдагва, Ж.Батзандан нар Сангийн сайд болон Засгийн газрын бусад гишүүдээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ж.Мөнхбат, Ч.Улаан, Г.Тэмүүлэн, М.Билэгт нар хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.4 хувь нь Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулж өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар” мэдээлэл хийх юм