С.Чинзориг: Европын Холбооны дэмжлэгтэй төслүүдийг үр дүнтэй үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа
2017.11.03

С.Чинзориг: Европын Холбооны дэмжлэгтэй төслүүдийг үр дүнтэй үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Европын Холбооны Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут тэргүүтэй Европын Холбооны гишүүн орнуудыг Монгол Улсад төлөөлж буй дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй Төрийн ордонд уулзлаа.

Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд Европын Холбоо Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт олон жилийн хамтын ажиллагааны уламжлалтай бөгөөд энэ харилцаа жилээс жилд өргөжиж буйд үе үеийн дипломатуудын  хүчин зүтгэл асар их гэдгийг онцлоод уулзалтад өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн ноён Ханс Дийтмар Швайсгут тэргүүтэй Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нарт талархал илэрхийлэв. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Европын Холбооны дэмжлэгтэйгээр мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, ажлын байр бий болгоход чиглэсэн гурван төсөл хэрэгжиж буй бөгөөд Засгийн газраас эдгээр төслийг эрчимжүүлэх, энэ чиглэлээр цаашид хамтын ажиллагааг нь үргэлжлүүлэх сонирхолтой байгааг С.Чинзориг сайд уламжлаад “Та бүхний дэмжлэгтэйгээр бид олон улсын туршлага судалж, материаллаг баазаа бэхжүүлж, боловсон хүчнээ сургаж тодорхой түвшинд хүрсэн ч тулгамдсан асуудал бэрхшээл байсаар байна. Ажилгүйдлийн түвшин энэ оны эхний арван сарын байдлаар 9,6 хувьтай гарсан нь өнгөрсөн жилийнхээс дорвитой буурахгүй төлөвтэй байна.

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын материаллаг бааз хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд шаардлага хангахгүй, мэргэжилтэй ажилчин бэлтгэж байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй тэр бүр нийцэж чадахгүй байгаа юм.

Үүний зэрэгцээ эдийн засгийн хямралаас шалтгаалан хөрөнгө оруулалт буурч, бүтээн байгуулалтын ажлууд зогсонги байдалд орсноос ажлын байрыг бий болгох хөрс суурийг бүрдүүлэх, ажилгүй иргэдийг Хөдөлмөрийн биржээр дамжуулан 100 хувь ажлын байраар хангах нь хүндрэлтэй асуудал болоод байна. Тийм учраас хөдөө орон нутагт нөхөрлөл хоршоо байгуулах зэргээр хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгох замаар ажлын байрыг нэмэх, их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль төгссөн залуусыг эзэмшсэн ур чадвартаа түшиглэн өөрөө өөртөө ажлын байр бий болгохыг дэмжих шаардлагатай байгаа” хэмээн салбарынхаа хэмжээнд  тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдэхийн тулд барьж ажиллах бодлогынхоо талаар товч танилцуулсан юм. 

Сайд мэдээлэлдээ мөн гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч илгээхтэй холбоотой хууль эрх зүйн орчныг шинэчлэх, ажлын байрыг хадгалах, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлд онцгой анхаарах шаардлагатайг дурдаад хүн амын бодлогодоо шинэчлэл хийж гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлж байж гэр бүл дэх хүчирхийллийг бууруулж, хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдийг хамгаалж чадна хэмээн үзэж буйгаа  дуулгалаа. 

С.Чинзориг сайдын мэдээллийн дараа уулзалтад оролцож буй Элчин сайдуудыг төлөөлөн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут үг хэллээ.

Тэрбээр Европын Холбооны Төлөөлөгчийн газар Улаанбаатарт нээгдэж, Европын Холбоо болон Монгол Улсын хооронд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр болсноор Монгол Улс тус холбооны гишүүн 21 улстай хамтын ажиллагаа шинэ шатанд гарч буйг онцлоод гэрээний хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлд илүү үр дүнтэй хамтран ажиллах боломжтойг дуулгасан юм.

Элчин сайд мөн  хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг өмнө нь дэд сайд, сайдаар нь ажиллаж байсан туршлагатай хүн удирдах болсонд талархаж байгаагаа илэрхийлээд одоо хэрэгжиж буй төслүүдийн үр дүнг нэмэгдүүлэх талаар дахин уулзаж ярилцах боломжтой гээд хэд хэдэн зүйлийг тодруулж асуулаа.

Тухайлбал, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын зарчмуудыг хэрхэн тусгасан болон энэ хууль хэзээ батлагдах, Монгол Улсад ядуурлын түвшин буурахгүй байгаагийн шалтгаан, хүүхдийн мөнгийг цаашид хэрхэн яаж олгох зэргээс гадна БНАСАУ-аас хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч авч буй бодлогын талаар сайдын байр суурийг сонирхлоо. 

Элчин сайдын асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг  тодорхой хариулт өгснөөр Европын Холбооны Элчин сайд, Европын Холбооны гишүүн орнуудын 20 гаруй Элчин сайд, ахмад дипломат ажилтнуудтай хийсэн уулзалт өндөрлөлөө.