Нисдэг тэргээр яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж эхэллээ
2017.11.03

Нисдэг тэргээр яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн нисдэг тэрэгний тусгай зогсоолд өвчтөн тээвэрлэсэн нисдэг тэрэг өнөөдөр анхны буултаа хийлээ.

Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд нисдэг тэрэг анх удаа ашиглаж байгаа нь энэ юм. Ингэсэнээр  Улаанбаатар хотын ойролцоо болон алслагдсан бүс нутагт  яаралтай тусламж авах шаардлагатай өвчтөнүүдэд нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд оношлогоо эмчилгээг түргэн шуурхай хүргэх  боломжийг бүрдүүллээ.

Энэхүү хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд шаардлага хангасан, агаарын хөлгийн тусгай зогсоолыг Эрүүл мэндийн яам болон Зам тээврийн яамны хамтарсан комисс ажиллаж, тухайн зогсоолыг  Нийслэлийн хөрөнгө  оруулалтаар байгуулсан байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ хэлсэн үгэндээ эмнэлгийн чанартай тусламжийг хүртээмжтэй үзүүлэхэд хамгийн чухал асуудал нь анхны тусламжийг хугацаа алдалгүй үзүүлэх явдал гэдгийг бид бүгд сайн мэднэ. Иймд тусламж үйлчилгээг хугацаа алдалгүй үзүүлэх, өвчтөнийг аюулгүй хурдан тээвэрлэж эмнэлгийн тусламж үйлчилгээнд хүргэх явдал чухлаас чухал.

Иймд өнөөдөр эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор нисдэг тэргэний техникийн буулт хийж байгаад бид баяртай байна. Энэхүү үйл ажиллагаанд хамтран ажилласан Зам тээврийн яам, ОБЕГ, Нийслэлийн ЗДТГ-ын хамт олонд талархал илэрхийлье. Хүн амын дунд зонхилон тохиолдож буй эхний 5 өвчинд осол гэмтэл орж байна. Осол гэмтлийн улмаас иргэн амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох явдал өндөр байна. 2016 оны Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс харахад гэмтэл, хордлого, гадны шалтгаант бусад шалтгаант өвчин эмгэг 10000 хүн амд 469.9 тохиолдол байгаа бөгөөд нас баралтын тохиолдол мөн 10000 хүн амд 7.89 тохиолдол байна. Иймд осол гэмтлийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай хүртээмжтэй   үзүүлэхэд үндэсний тэргүүлэх байгууллага болох Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтний үүрэг оролцоо чухал гэдгийг онцоллоо.