Б.Цэрэн 2017.11.03 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Иргэд хамтарч ажиллах санал, хүсэлтээ илэрхийллээ

Иргэд хамтарч ажиллах санал, хүсэлтээ илэрхийллээ

 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн иргэдийг хүлээн авч уулзах ээлжит уулзалтаа хийлээ. Уулзалтад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Б.Ганзориг, 3 дугаар хорооны иргэн Б.Энхбаатар, Л.Янжинсүрэн, 10 дугаар хорооны иргэн Ш.Энхбаатар, 13 дугаар хорооны иргэн н.Лхамжав, 16 дугаар хорооны иргэн С.Галсанцэрэн, “Илтгэх эрдэм” хүрээлэнгийн Ерөнхий зохицуулагч Г.Одгэрэл болон “Заша үйлс” ТББ-ын н.Нямдорж, “Монгол Вьетнам найрамдалын нийгэмлэг” Ж.Цэцэгсүрэн нар уулзаж ярилцлаа.

Иргэдийн уулзалт ярилцлагаас хүргэвэл:
“Илтгэх эрдэм” хүрээлэнгийн Ерөнхий зохицуулагч Г.Одгэрэл:

2016 оноос Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Хүний хөгжил”-ийн талаар үнэ төлбөргүй лекц уншдаг байна. Тэрээр Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар болон бие хүн болж төлөвших сургалт хүмүүжил”-ийн талаар цуврал лекц унших хүсэлтэй бөгөөд үүндээр дэмжлэг хүсч яваа аж. 

            Түүнчлэн Г.Одгэрэл нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны 801 дүгээр байрны “Анар” СӨХ-ийн даргаар ажилладаг байна. Хорооны нутаг дэвсгэрт Хаан банк, Баясах трейд ХХК-ны хооронд нийтийн эзэмшлийн талбайд хувийн машинтай хүмүүс “Морингийн даваа явна” гэж зогсдог бөгөөд энэ нь зогсоолыг зохицуулах, түүнчлэн автобусны буудлыг сургууль руу ойртуулж өгөх арга байгаа эсэх асуудлыг ИТХ-ын даргад учирлаж байлаа.

“Заша Үйлс” ТББ-ын тэргүүн Нямдорж:

 “Сүү, сүүн бүтээгдэхүүн болон ундны усны хуванцар сав” ашиглагдаж байгаа нь хүний биеийн эрүүл мэндийг муутгах цаашлаад хорт хавдар, ургийн гажиг, удмын санд нөлөөлөх хүчин зүйл үүсгэж байна. Үүнийг иргэдэд анхааруулах, хуванцар сав, баглаа боодлоос татгалзах сэтгэлгээг суулгах, хор хөнөөлийг таниулах сургалт сурталчилгааг хийх ажлыг “Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлсэн та бүхэнтэй хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Миний хөөцөлдөж байгаа энэ ажлыг Нийслэл болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дэмжиж, ХХААХҮ-ийн сайдын 2017 оны А/138 дугаар тушаалаар “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төвөлгөөг батлан ажил хэрэг болох шатандаа явж байна" гэв. 
              Дүүргийн хэмжээнд “Хүнсний зориулалтын бус хуванцар сав, гялгар уутны хэрэглээнээс татгалзах аян өрнүүлэх, “Цэнхэр сав, канистергүй дүүрэг, хороо” хөдөлгөөн өрнүүлэх, Хүнсний чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан сав, баглаа боодлын эрүүл ахуй, чанар стандарт, аюулгүй байдлын талаар тусгайлан сургалт явуулах, Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн зөөвөрлөх, хадгалахад ашиглаж байгаа зориулалтын бус савыг зориулалтын саваар солих арга хэмжээг үе шаттай зохион байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.
“Монгол Вьетнам найрамдалын нийгэмлэг”-ийн зохицуулагч Ж.Цэцэгсүрэн:

“Зүүн өмнөд Ази Вьетнам судлалын төв” байгууллагаас дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Вьетнам болон Австрали улсуудад туршлага судлах, хөгжил цэцэрлэлттэй танилцах, сургалт зохион байгуулах, иргэдийн амьжиргаа дээшлүүлж буй туршлагыг газар дээр нь үзэх ажилд хамтран ажиллахыг хүссэн юм.
ХУД-ийн 3 дугаар хорооны иргэн Б.Энхбаатар:

Байр орон сууц, сургууль орчимд байрлах РС тоглоомын газрыг цэгцлэх ажлыг эрчимжүүлж өгөх хүсэлт гаргасан бол 16 дугаар хорооны иргэн С.Галсанцэрэн хувиараа цэцэрлэг ажиллуулдаг бөгөөд хүүхдийн хувьсах зардал орж ирэхгүй удаж байгаа тул Боловсролын хэлтэс болоод бусад газарт мэдэгдэж өгөхийг хүсч байлаа. Түүнчлэн ХУД-ийн 10 дугаар хорооны иргэн Ш.Энхбаатар: Хүнсний ногоо борлуулдаг бөгөөд хорооны нутаг дэвсгэртээ ТҮЦ ажиллуулж, жилийн дөрвөн улиралд Монгол ногоогоор үйлчилдэг үйлчилгээ явуулдаг болох хүсэлтээ илэрхийлж, зөвшөөрөл олгох тал дээр дэмжлэг үзүүлж өгнө үү хэмээн ИТХ-ын даргатай уулзсан байна.