Хүрэлбаатар.Ч хүрэлсүх 2017.11.06 | Сайт: Vip76.mn

Танилц: 2018 оны ТӨСӨВ

Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгож, "Цалинтай ээж хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр төсөвлөжээ

Засгийн газраас 2018 оны төвсийн тухай хуулийн төслийг 10 сарын 27-нд өргөн мэдүүлсэн. Холбогдох хуулиар энэ сарын 15 гэхэд төсвийг эцэслэн баталсан байх ёстой юм.

Ирэх жилийн төсвийн нийт зарлагыг 9.6 их наяд, орлогыг 7.2 их наядтөгрөгөөр төсөөлжээ. Өргөн барьсан төслийг хэлэлцэн баталснаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7 их наяд 231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8  хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9 их наяд 651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2 их наяд 420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувьд хүрч төсвийн үзүүлэлтүүд сайжрах болно.

ОРЛОГО

Монгол Улсын төсвийн орлогоны 86,7 хувь буюу 6,2 их наяд төгрөгийг татвар, үлдэх 13,3 хувь буюу 962,5 тэрбумыг татварын бус орлогыг дараах байдлаар бүрдүүлэхээр тооцоолсон байна.

  • Татварын орлого 6.268.9 тэрбум

  • Уул уурхайн салбараас нийт 1,720.0 тэрбум

  • Пивоны онцгой татварын орлогоор 23.7 тэрбум

  • Дотоодын тамхины онцгой албан татварын орлогоор 36.2 тэрбум

  • Импортын нэмэгдсэн өртгийн албан татвараар 1,095.0 тэрбум

  • Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвараар 295.4 тэрбум

  • Агаарын бохирдлын төлбөр 0.1 тэрбум

  • Газрын төлбөрийн орлогоор 57.9 тэрбум

  • Навигацийн орлогоор 167.7 тэрбум

  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор 806.4 тэрбум

  • Өмч хувьчлалын орлогоор 100.7 тэрбум

  • Татварын бус орлого 962.5 тэрбум төгрөг олохоор тооцсон байна.

ЗАРЛАГА

Зарлагад үлэмж нөлөө үзүүлж буй дүнгүүдийг хувиар нь авч үзвэл цалин хөлс 24.1 хувь, бараа үйлчилгээний бусад зардал 19.5 хувь, зээлийн хүүгийн зардал 15.4 хувь, татаас ба урсгал шилжүүлгийн зардал 40.9 хувь байгаа юм. Эндээс харахад төрийн албан хаагчдын цалин хөлсөнд нийт төсвийн дөрөвний нэг хувь нь зарцуулагдаж байна.

Үүнээс гадна Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнд зарцуулах зардлыг тооцсон байна. Онцолбол:

“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлж 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлж ачааллыг бууруулна. Энэ зорилтыг хангахын тулд боловсролын салбарт нийт 236.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Оюутны хөгжлийн зээл

Уг зээлийг хүртээмжтэй, саадгүй олгох нөхцөл журмыг бүрдүүлж их дээд сургуульд суралцагч болон тэдний өрх гэрт учирч буй төлбөрийн дарамтыг арилгана. 2018 онд нийт 75 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулна.

Цэвэрлэх байгууламж

Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр болсон. Нийт 35 тэрбум төгрөг шаардлагатайгаас ирэх онд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

“Цалинтай ээж” хөтөлбөр

Холбогдох хуулийн дагуу 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр, түүнчлэн  гурав болон түүнээс дээш 0-18 насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр тэтгэмж олгох ба тэтгэмжийн хэмжээг хүүхдээ асарч байгаа эхэд сарын 50.0 мянган төгрөг буюу улиралд 150.0 мянган төгрөг, өрх толгойлсон эх/эцэгт улиралд 240.0 мянган төгрөгөөр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулна.

Төрийн албан хаагчдын урамшуулал

Төрийн албан хаагчдын жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг дүгнэж, ажлын бүтээмж, үр дүн, сахилга, хариуцлага, албан даалгаврын хэрэгжилт зэргийг харгалзан үр дүнгийн урамшуулал олгоход зориулан 56.2 тэрбум төгрөг төлөвлөв.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn