Нямдорж.Ц Л.Энхболд Л.Мөнхбаатар 2017.11.07 | Сайт: Vip76.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад ирэх онд 273 тэрбум төгрөг төлөвлөсөн

Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад ирэх онд 273 тэрбум төгрөг төлөвлөсөн
Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.07) хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад ирэх онд 273 тэрбум төгрөг төлөвлөсөн байгааг тэрбээр дурдаад төсвийн задаргааг дэлгэрэнгүй танилцуулсан.

Төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн зардлыг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсний 1.3 тэрбум төгрөг нь шинэ хуулиудын хэрэгжилттэй холбоотой зардал ажээ.

Үүний дараа зарим гишүүд асуулт асуулаа

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар шүүхийг орон тоог нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй саналыг гаргаж байна 

"Эрүүгийн болон Зөрчлийн хуулиуд дахь хяналттай холбоотойгоор хуулийн байгууллагуудын төсөв зайлшгүй нэмэгдэж байгаа. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шүүхийн байгууллагын ачаалал нэмэгдэж байгаа. Тодорхой хэлбэл, анхан шатны эрүүгийн хэргийн шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийх, хязгаарлалт хийх, гүйцэтгэх хуудас бичих гэх мэтийн зардлууд бий. Мөн тодорхой 27 албан тушаалтнаас гаргасан захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэдэг болсон. Эдгээр зүйлсээс хамаараад шүүгчийн орон тоог зайлшгүй нэмэх  шаардлага байгаа. УИХ-ын 2016 оны 42 дугаар тогтоолоор 693 шүүгчийн орон тоотойгоор ажиллана гэсэн байгаа. Үүнээс 193 дутуу байгаа. Мөн орон нутагт шүүгчийн хүрэлцээ хангалтгүй байгаа. Тиймээс шүүхийг орон тоог нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй саналыг гаргаж байна” хэмээн санал гаргасан юм.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж хариулав

“Энэ шинэ хуулиудын чинь хагас жил, нэг жилийн хэрэгжилтийн байдлыг судлаж байж тодорхой санал УИХ-д оруулахгүй бол болохгүй болсон юм байна лээ шүү. Тэрийг би хэлэх гэсэн юм. Хууль хэрэгжиж эхэллээ, ачаалал нэмэгдэж байна гэж орон тоо нэмэхэд учир дутагдалтай. Монголын нөхцөлд таараагүй хууль гарсан бол засах байдлаар зарим асуудлыг зохицуулах шаардлага гарах байх шүү” гэв

УИХ-ын гишүүн  Л.Энхболд: Гашуун Сухайтын энэ авто замтай холбоотой гэмт хэргийн тоо хэрээс хэтэрлээ

“ Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Гашуун Сухайт хүртэлх авто замын дагуу цагдаагийн тасаг ажиллаж байгаа. Энэ газруудад аль зэрэг төсөвт суусан вэ?Яагаад гэвэл тэнд мими гэх бодистой холбоотой асуудал, мөн авто замын зөрчил, хулгайн тээвэрлэлт гэх зэрэг маш их зөрчлүүд гарч байна. Тэнд цагдаагийн тасгийн 30 хүн ажиллаж байгаа. Өнөөдөр тэнд ямар нэг мөнгөтэй холбоотой асуудал маш их сонсогдож байна. Энэ тасаг компани төлөөл болж ажиллаж байгаа юу? Төрийн төлөөлөл болж байна уу?

ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны дарга н.Эрдэнэболд  хариулав

“Тэнд нөхцөл байдал хүнд байгаа. Ялангуяа хар тамхи, авто замын осолтой холбоотой хэргүүд хүнд байгаа. ЦЕГ-аас тодорхой ажил, арга хэмжээг шат дараалалтай авч  ажиллаж байгаа. Засгийн газрын 100-р тогтоолоор Цогтцэций сумд 30 хүний бүрэлдэхүүнтэй цагдаагийн тасаж ажиллаж байгаа. Мөн гэрээт цагдаагийн тасаг тэнд ажиллаж байгаа. Гэрээт цагдаагийн тасгийн холбогдох зардал нь улсын төсөвт суутгагдаагүй байгаа. Хар тамхитай тэмцэх чиглэлд 2018 оны төсөвт 2 тэрбум төгрөгийн төсөв орж ирж байгаа. Энэ төсвийн хүрээнд хар тамхийг илрүүлэгч орчин үеийн багажуудыг авах юм. Энэ нь хилийн боомтуудтай аймаг, орон нутгуудаар тараагдах юмаа. Машин техник тоног төхөөрөмжтэй холбоотой хүн асуудал байгаа. Ойрын жилүүдэд шинэчлээгүй. Энэ жил  1 тэрбум төгрөгийн парк шинэчлэхээр төсөвт тусгагдсан байгаа. 

 Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сантай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж буйтай холбоотойгоор орон тоо нэмэх асуудлуудыг төсвийн төсөлд тусгаагүй гэлээ.

Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Эрүү болон Зөрчлийн тухай, холбогдох бусад хуулиудыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд төсөв, зардлын тооцоолол дээр 30 цагдаа, 45 прокурор нэмэгдэх шаардлагатай гэсэн байсныг Байнгын хорооны дарга сануулав.

 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn