Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй
2017.11.07

Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй

Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан билээ. 

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Монгол Улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлсэн бол Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах төсвийн хэмжээг мөн нэмэгдүүлсэн гэлээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлэх зарим зайлшгүй шалтгаан нөхцөл байхыг үгүйсгэхгүй боловч төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тооцож, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн багцад суулгасан нь Улсын Их Хурлын чуулганы явц, байнгын хороодын хуралдааны тэмдэглэл болон бусад нээлттэй эх сурвалжаас тодорхой байгааг тэрбээр танилцуулгадаа дурдсан.Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үйл ажиллагаанд “Төсвийн тогтвортой байдлыг хангах, иж бүрэн, үнэн зөв байдлыг хангах, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, хариуцлагатай байх” зэрэг Төсвийн тухай хуульд заасан зарчмуудыг баримтлах ёстойг тэмдэглэсэн юм.

Иймд Үндсэн хуулийн болон Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн асуудлыг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьжээ.

ХЗБХ-ын дарга Ш.Раднаасэд

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Энхболд нар асуулт асууж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос хариулт авлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Эрдэнэ нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Төсгөлд нь Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.