ЭСРЭГ БАЙР СУУРЬ

Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-ны харъяанд шилжүүлэх нь ЗӨВ үү?

2017.11.08
Сайт: Vip76.mn
Дугаар : 48974
Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-ны харъяанд шилжүүлэх нь ЗӨВ үү?

Өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиудын талаар хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Эрүүл мэндийн даатгалын санг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяалалд байсныг Эрүүл мэндийн яам руу шилжүүлж байгаа нь зөв, буруу гэсэн байр суурьтай байсан юм.

Сангийн зарцуулалтын хянах боломжтой болно

Эрүүл мэндийн даатгалын санг салбарт нь хариуцуулснаар зарцуулалтыг хянах бүрэн боломжтой болно гэсэн байр суурьтай байсан юм.

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл

Өнөөдөр эрүүл мэндийн өндөр өртөгтэй үйлчилгээ, мэс заслын төлбөр ард олны нуруун дээр тун хүндээр тусч байна. Зарим тохиолдолд айл өрхийг ядуурлын төвшинд оруулах нөхцөл болж байгаа юм. 

Эрүүл мэндийн даатгалын сан салбарын яамныхаа харьяалалд ирснээр энэ байдлыг өөрчилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс хамаарч иргэд ядууралд өртдөг нөхцөл байдлаас сэргийлэх боломж нээгдэнэ. Нөгөө талаар ажлын ачаалал нь их боловч түүнтэй дүйцэх хэмжээний цалин хөлс авч чадахгүй байгаа эмч, эмнэлгийн ажилтны нийгмийн асуудалд ч бодитой хувь нэмэр үзүүлэх байх гэж найдаж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Эрүүл мэндийн яам бол эмнэлэг биш. Салбарын бодлого тодорхойлдог байгууллага.

Орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээ ямар байгааг бүгд мэдэж байгаа. Үүнийг өөрчилж, засах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслийг оруулж ирсэн.

Өмнөх явж ирсэн зарчим нь болохгүй байгаа учраас өөрчлөлт хийж байгаа. Даатгуулсан бол үйлчилгээгээ авдаг чиглэлийг барьж ажиллах ёстой. Алдаа дутагдал байвал засаад, урагшаа алхмаар байна.

Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-ны харъяанд шилжүүлэх нь БУРУУ юу?

2017.06.04
Сайт: Vip76.mn
Дугаар : 48975
Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-ны харъяанд шилжүүлэх нь БУРУУ юу?

Гишүүд асуулт асууж дууссаны дараа саналын зөрүүтэй томъёоллоор санал хураасан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "ЭМ-ийн даатгалын асуудлыг Нийгмийн даатгалын асуудал болгож засч найруулах" санал гаргасан боловч 50:50 хувийн харьцаатайгаар уг санал дэмжигдээгүй юм.

хариуцлага хүлээх схем алдагдана

Харин Эрүүл мэндийн яаманд шилжүүлэх нь салбарын том урхалт болно гэж зарим гишүүд үзэж байсан юм. Тодруулбал Эрүүл мэнд яаманд тус санг шилжүүлснээр хяналт харин суларч, бүтээгдэхүүний чанарт үнэлгээ өгөх, хариуцлага хүлээх схем алдагдана гэж тэд үзсэн.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Эрүүл мэндийн даатгалын салбарт өөрчлөлт оруулах хоёр чухал хуулийг өнгөрсөн парламентын үед баталсан. Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яамны харьяанд оруулж байгаа нь буруу тогтолцоо гэж бодож байна. Энэ бол маш том ухралт. 

Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа гурван орчим сая хүн бий. Энэ бол тогтолцооны өөрчлөлт биш ухралт болж байна шүү. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг Эрүүл мэндийн сайд нь ахалж болно. Харин тэр бүтэц, санг нь Эрүүл мэндийн яамнаас тусдаа байлгах ёстой. Эрүүл мэнд, боловсролын салбарын төсөв өндөр байдаг ч үр ашигтай зарцуулах тал дээр шинэ бодлого баримтлах цаг болсон.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

Эрүүл мэндийн даатгалын сан, даатгалын шимтгэл төлсөн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээний хөнгөлөлт үзүүлдэг сан болохоос яамны үйл ажиллагааг дэмжих сан биш. Өмнөх парламентад санал гаргаад эрүүл мэндийн таатгалын санг зөв бодлогоор явуулъя гэж хуулийг өөрчилсөн.

Эрүүл мэндийн даатгалын санг самраад, дараа нь нөөц байхгүй, хөрөнгө мөнгө байхгүй, харуицлага хүлээх нь мэдэгдэхгүй болох нь. Эмч нарын цалин, эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, эмчилгээний зардлыг сайжруулах асуудал төрийн ажил. Эрүүл мэндийн яамны үйлчлүүлэгчдийн талд зогсож байх ёстой эрүүл мэндийн даатгалын санг үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлж байгаа яамны мэдэлд өгнө гэдэг гайхмаар. Бүтээгдэхүүний чанарт хэн үнэлгээ өгөх вэ? Гомдол саналыг хаана гаргах юм? Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын чиглэлээр хийж байгаа ухралт гэж би харж байна. 2016 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт Эрүүл мэндийн даатгалын санг бие даасан байгууллага болгоно гэж тусгасан байдаг шүү.


1ХҮНДЭМЖИВ
Дэмжих
0ХҮНДЭМЖИВ
Дэмжих