Бат-эрдэнэ.Ж 2017.11.07 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Эдийн засгийн байнгын хороо хуралдав

Эдийн засгийн байнгын хороо хуралдав

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсөөллийн хуулиар батлагдсан үндсэн үзүүлэлтүүдийг 2018 оны төсвийн тухай хуулийг боловсруулах үеэр дахин авч үзэж, холбогдох өөрчлөлтийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд оруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай гэж заасны дагуу Сангийн яамнаас холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж байгаагийн дотор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Сонгон шалгаруулалтад битүүмжилж ирүүлсэн материалын хуудас бүрт бүртгэлийн дугаараа бичих боломжгүй тул тэмдэглэгээ хийх хэсгийг хассан. Сонгон шалгаруулалт явуулах боломжтой талбайн солбилцол тогтоохдоо агентлаг тодорхойлсны үндсэн дээр яаманд хүргүүлэх бөгөөд яам нь нэгдсэн бодлогын хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тусгасан байна.

Мөн сонгон шалгаруулалт явуулахдаа Ашигт малтмал, газрын тосны газар нь яамнаас санал авахаар тусгажээ. Түүнчлэн шуудангаар сонгон шалгаруулалтын хүсэлт ирүүлэх боломжтой байсныг хасчээ. Үйлчилгээний хөлс төлсөн баримт нь сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллага төлбөр  төлөөгүй учраас сонгон шалгаруулалтын бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтаас хассан байна. Техникийн саналд тусгах зүйлсийг илүү ерөнхий байдлаар өөрчлөн найруулсан аж. Үнэлгээний хороо сонгон шалгаруулалтыг нээж, үнэлж, дүгнэж гаргах байдлаар тусгасан байна. Мөн тусгай зөвшөөрөл олгохтой хамааралтай зарим өөрчлөлтүүдийг тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Б.Жавхлан, Б.Баттөмөр нар ажлын хэсэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нараас асуулт асууж, зарим зүйлийг тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Үүний дараа гишүүдээс бичгээр ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн ч ажлын хэсэг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан дахин хуралдах шаардлагатай учир Байнгын хорооны хуралдааныг маргааш 09.00 цаг хүртэл хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.