Д.Сарангэрэл С.Чинзориг Ц.Цогзолмаа Ё.Баатарбилэг 2017.11.07 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын төсвийг хэлэлцэв

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын төсвийг хэлэлцэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.11.07/ хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуралдааныг байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг удирдан явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, Н.Учрал, Д.Гантулга, М.Оюунчимэг нар асуулт асууж хариулт авсан. 

Гишүүд ирэх онд тэтгэвэр нэмэх, цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь хангах зорилго биелэлээ олох боломж бий эсэх, ханиад томууны дэгдэлт эхэлсэн үед эмнэлгүүдийн бэлтгэл хангагдсан эсэхийг тодруулж байлаа.

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэллээ.

Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг 2018 онд нэмэгдүүлэх бөгөөд нийт 400 гаруй мянган хүний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62.7 мянган хүний тэтгэвэр, 50.3 мянган хүний асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд 17.8 тэрбум төгрөг тус тус нэмж төлөвлөсөн аж. Үүнд асаргааны тэтгэмж, хүүхдээ гурван нас хүртэл харах эхчүүдэд олгох тэтгэмж зэрэг багтаж байгаа гэлээ.

Ирэх онд ерөнхий боловсролын сургуулийг гурван ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах орчин нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хэлсэн.

2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлэх бөгөөд Улаанбаатар хотод 36 сургууль, 47 цэцэрлэг, орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэг баригдах аж. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн, Японы Засгийн газрын 2.4 тэрбум иений буцалтгүй тусламжийн  болон БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэхээр төлөвлөсөн хэмээн Ц.Цогзолмаа сайд тодруулан хэлсэн.

Ханиад томууны дэгдэлтийн үед эмнэлгийн ор хүрэлцэхгүйгээс хүүхдүүдийг эмнэлгийн корридорт хэвтүүлдэг явдлыг эцэс болгохын тулд эмнэлгүүдэд 840 ор гаргахаар төлөвлөөд байгаа хэмээн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлсэн.

Тэрбээр, Эмнэлгүүдэд бэлтгэсэн ор хүрэлцэхгүй бол насанд хүрэгчдийн тасгаас 292 орыг шилжүүлэн хүүхдийн тасагт ашиглахаар төлөвлөөд байгаа. Утаа, агаарын бохирдол ихтэй, хамгийн олон оршин суугчидтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн ачаалал хэтэрснээс өвчилсөн хүүхдүүд 1-2 хоног ор хүлээх тохиолдол гардаг. Гэсэн ч ийм байдал гаргахгүйн төлөө бүхий хүчээ дайчлан ажиллана. Мөн утааны голомтод байгаа Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдэд 40 мянган хүн тун вакцин хийсэн. Энэ нь ханиадны биш хатгалгаанаас урьдчилан сэргийлэн вакцин юм. Мөн ханиад томуунаас сэргийлэх вакцинжуулалтын аяныг өрнүүлээд байна гэж гэсэн мэдээллийг өгсөн.

Дараа нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.