Д.Сумъяабазар 2017.11.08 | Сайт: News.mn

Д.Сумъяабазар: Муудалцсан зүйл байхгүй

Д.Сумъяабазар: Муудалцсан зүйл байхгүй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Ашигт малтмалын газрыг Сангийн яамны харьяанд шилжүүлэхээр болсон. Энэ асуудлаас болж таныг Сангийн сайдтай муудалцсан гэх юм.  Үнэн үү?

-Төсвийн орлого нэмэгдүүлэхийн тулд Ашигт малтмалын газрыг Сангийн яамны харьяанд авахаар тусгасан байсан. Гэхдээ энэ нь салбарын хууль эрх зүйтэй зөрчилдөх хандлага байгаа. Тиймээс Ч.Хүрэлбаатар сайдтай ярилцаад, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хяналтын системийг сайжруулахаар болсон. Ингэснээр лиценз сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулах боломж бүрдэх юм.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа салбарын эрдэмтэд, аж ахуй нэгжээс санал авч, тусгасан.

Төсвийн тухай хуульд эрдэмтэн судлаач, аж ахуй нэгжийн саналыг тусгадаггүй. Шууд УИХ-аар оруулаад баталдаг учраас орлого бүрдүүлэхээр ажиллаж байгаа Сангийн яамыг буруутгах аргагүй. Харин би бол салбарын эрх зүйн зохицуулалтаа хариуцаж байгаа сайдын хувьд зөв бодлого явуулах ёстой гэдэг утгаар хандсан. Болохгүй бүтэхгүй зүйл гарвал салбарын сайд дээр хариуцлага бууна. Тэгэхээр бид аль аль талдаа хүндэтгэлтэй хандаад зөв явах ёстой. Түүнээс бол муудалцсан зүйл байхгүй. Манайхан дүйвээнээр яваад байх юм.

-Том төслүүдээ хэзээ хөдөлгөх вэ?

-Нэгдүгээрт, улстөрөө зөв харах ёстой. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ойлголцох ёстой. Хоёрдугаарт, Засгийн газар өөрсдийн байр сууриа зөв тодорхойлох ёстой. Том төслөө хөдөлгөх ёстой гэдгийг зарчмын хувьд дэмжиж байна.

Тавантолгойгоос эзэмшиж байгаа иргэн бүрийн 1072 ширхэг хувьцааг хэрхэн яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг бол хамгийн түрүүнд хийх ёстой ажил. Үүнийг хийхийн тулд Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм журам боловсруулагдаад бэлэн болсон. Энэ сарын эхэн үеэс хувьцаагаа дүрэм журмын дагуу байршуулаад цаашид үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломж нээгдэнэ. Дараа нь Хөрөнгийн бирж дээр хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр эхний ээлжинд гаргана. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол”-д очих ногдол ашгийг дүрэм журмын хүрээнд ард иргэддээ олгох ёстой гэдэг зарчмын байр суурьтай байна.

-Гашуун Сухайтын боомт дээр нүүрсний автомашин 150 км урт дараалал үүсгэж байна. Тэгэхээр төмөр замын асуудлаа яаралтай шийдэх ёстой юм биш үү?

-Энэ асуудлаар улстөрийн шийдвэр гарах ёстой. Бид өмнөд хөрш улстай маш сайн ойлголцох ёстой. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ хоорондын уялдаа холбоог хангаж байж Монгол Улсын эрх ашиг цааш явна. Ойрын хугацаанд орон нутгийн “Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” гэсэн гурван том компанийн удирдлагуудтай уулзаж, тодорхой шийдэлд хүрэх ёстой. Энэхүү уулзалтаар төмөр замын асуудал яригдана. Төмөр замыг зайлшгүй шийдэх ёстой. Тэр утгаараа өмнөд хөрштэйгөө эв зүйгээр ярьж байгаад худалдааны эргэлтээ идэвхжүүлэх асуудал ойрын хугацаанд яригдах байх.