Төрийн албан хаагчдын нэг удаагийн урамшууллыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгоё гэв
2017.11.08

Төрийн албан хаагчдын нэг удаагийн урамшууллыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгоё гэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү төрийн албан хаагчдад олгох гэж буй 52 тэрбум төгрөгийн цалингийн тэтгэмжийг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгуулах тухай саналыг Ерөнхий сайдад хүргүүлжээ.

2017 оны төсвийн тодотголоор төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал болгож 300,000 төгрөг олгохоор болсон. Уг зардалд нийт 52 тэрбум төгрөг зарцуулагдах юм. Харин энэ сарын 2-нд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ шийдвэрийг буруу гэж үзэн төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавиад байгаа юм.

Энэ мөнгийг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгуулах нь зөв гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү үзэж байна.

Тэрээр “Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 108 мянга орчим иргэн, өндөр настай 170 мянган ахмад бүртгэлтэй бөгөөд тэдний ихэнх нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой. Ялангуяа ахмадуудын дийлэнх олонх нь сард 150-250 мянган төгрөгийн тэтгэврээр амьдралаа залгуулж байгаа энэ үед төрийн албан хаагчдад бэлэн мөнгө тарааснаар бараа материалын үнэ өсөх, тэтгэвэр тэтгэмжээр амьдарч байгаа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө” гэж тэр саналдаа дурджээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн Ерөнхий сайдад хүргүүлсэн санал