Эрдэнэ.С 2017.11.08 | Сайт: Vip76.mn

С.Эрдэнэ: Эрүүл мэндийн даатгалын сан, Эрүүл мэндийн яам хоёр нэг САВАНД байж болохгүй

С.Эрдэнэ: Эрүүл мэндийн даатгалын сан, Эрүүл мэндийн яам хоёр нэг САВАНД байж болохгүй

УИХ-ын байнгын Төсвийн байнгын хороогоор 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиудын талаар хэлэлцж байна.

Засгийн газраас оруулж ирсэн төсөлд Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яамны харьяа байхаар оруулж ирсэн. Энэ нь УИХ-ын гишүүдийг талцуулаад байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ  байр суурийг онцлон хүргэж байна. 

“ Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийг боловсруулах гэж АН, МАН хоёроос ижил тэнцүү төлөөлөлтэй ажлын хэсэг гарч 6 жил гаруй ажилласан. Үүнд ямар ч улс төр байгаагүй.

Ч.Хүрэлбаатар сайд эдийн засгийнхаа онолыг сайн мэдэх байх, харин эрүүл мэндийн даатгалын талыг бол мэддэггүй юм байна гэж ойлгож байна.

Нэгдүгээрт, Даатгалын тал чинь хэрэглэгчдийг төлөөлж ажил үйлчилгээ худалдаж авдаг байгууллага. Харин Эрүүл мэндийн яам нь эмчилгээ, үйлчилгээгээ худалддаг байгууллага. Тэгээд худалддаг, худалдан авдаг хоёр талыг нэг саванд хийчихээр хэн хэндээ хяналт тавих юм бэ.

Хоёрдугаарт, Эрүүл мэндийн даатгалын байгууллагын бие даалгая гээд хоёр нам аль талаасаа нэгдээд явсан. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын байгууллага хараат бус, бие даасан байгууллага байх ёстой. Аль нэг яамны харьяанд байх ёсгүй. Тэр дундаа эрүүл мэндийн яамд бүүр байж болохгүй. Яагаад гэвэл эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чанарт хяналт тавьдаг, даатгуулагчийг төлөөлж гэрээ, хэлцэл хийдэг, эмчилгээ үйлчилгээ худалдаг авдаг байгууллага. Ийм байгууллага Эрүүл мэндийн яамны мэдэлд очихоор тэнд хэн хяналт тавьж, хариуцлага тооцох юм бэ.

Гуравдугаарт, Хүрэлбаатар сайд нэг зүйлийг маш буруу ойлгодог юм байна. Эрүүл мэндийн яам эмчилгээ, үйлчилгээг яг одоо гардан үзүүлдэг байгууллага биш байж болно. Гэхдээ эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн байгууллагуудыг бодлого, үйл ажиллагаа, санхүүжилтийг нь хариуцдаг байгууллага бол Эрүүл мэндийн яам. Энэ утгаараа эмнэлгийн бүх шатны  байгууллагын өмнөөс нийгмийн өмнө хариуцлага хүлээж байгаа газар нь Эрүүл мэндийн яам.

Сангийн сайдаа Та өөрөө яваад үзээрэй. Олон улсын жишиг ийм зүйл байхгүй байгаа. Герман бол цэвэр 100 хувь хувийн өмчийн тогтолцоотой.

Харин манайх төрийн өмч гэдгээ хараарай. Энэ асуудал дээр ингэж гомо хандаж болохгүй. МАН-ын мөрийн хөтөлбөрт Эрүүл мэндийн даатгалын байгууллагын бие даалгана гэж байгаа. Эрүүл мэндийн яамны харьяа очихоор бие даадаг юмуу хаашаа юм.