Ганбаатар.Ж 2017.11.09 | Сайт: Vip76.mn

Ж.Ганбаатар: Бизнес эрхлэгчдийн төлсөн татварыг хэтэрхий цамаан байдлаар зарж байна

Өнөөдөр /2017.11.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар 2018 оны төсөвтэй дагалдаж орж ирсэн хуулиудыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа.

Ж.ГАНБААТАР: ТӨСВИЙН САХИЛГА БАТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛ ДЭЭР ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

Төсөв хэлэлцэж байгаа байдалд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Хэтэрхий цамаан байдлаар хандаж байна. Дэлхийн хамаг баян улсуудаас ч цамаан байдалтай хандаж байна.

Бизнес эрхэлж байгаа хүмүүс өглөө босоод шөнө унтаж байгаа. Нэг эсвэл хоёр өдөр хойш тавьбал бизнес унаж, өрсөлдөх чадваргүй болдог. Олон хоногоор амрах боломжгүй ажиллаж байгаа. Гэтэл энэ хүмүүсийн төлсөн татварыг ийм цамаан байдлаар хандаж байгаад нь шүүмжлэлтэй хандаж байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг тулахын тулд өөр зардлаа танадаг. Гэтэл ямар зардал дээр юу хасагдаж, хаашаа орж байгаа нь мэдэгдэхгүй байнгын хороон дээр хэдэн зуун тэрбумаар нь санал оруулж ирж байна. Өнөөдөр төсвийн алдагдал нэг тэрбум доллар байгаа. Үүнийг жижиг бизнес эрхлэгч нар л төлдөг. Зарим том бизнес эрхлэгчид маш том хөнгөлөлт эдлээд, ихэнхи татваруудаас зугтаж байгаа. Төсвийн алдагдлыг зээл авна эсвэл бонд гаргаад л хаадаг. Өөр гарц байхгүй.

Цаашдаа төсвийн зардлыг нэмэгдүүлэхдээ ямар эх сурвалжаар энэ зардлаа нөхөх вэ гэдгийг тодорхой ярьдаг баймаар байна.

Монгол Улсад тулгарч байгаа олон бэрхшээл байгааг мэдэж байгаа. Харин төсөв дээр хамгийн их мөнгө тавиулахын төлөө уралддаг байж болохгүй.

Төсвийн сахилга батыг сайжруулах талаар цаашдаа ямар арга хэмжээ авах вэ? Төсвийн алдагдлын дээд хэмжээг тогтоож бололх уу?

Төсөв дээр компаниа нэг хүнд шилжүүлэх тохиолдолд хувьцаагаа шилжүүлэх татвар 30 хувь болгож өөрчлөгдөж байна. Энэ татварыг тооцохдоо яаж бодож тооцсон бэ?

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ЗАРДАЛ НЭМЭГДҮҮЛЭХДЭЭ ХАСАХ ЗАРДЛАА ЦУГ ОРУУЛЖ ИРДЭГ БОЛНО

Өчигдөр Төсвийн байнгын хороо төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн. Төсвийн сахилгыг нэмэгдүүлэх тал дээр ОУВС-тай хийсэн хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн хуулийн өөрчлөлтүүд орсон. Жишээлбэл УИХ-ын гишүүний саналаар зардал нэмэгдүүлэхээр болбол хасах зардлаа цуг оруулж ирдэг болно.

2018 оны төсөв дээр орж ирсэн нэг хүнд сэдэв бол Ашигт малтмалын тухай болон Газрын тухай хуулийн өөрчлөлт. Энэ өөрчлөлтийг оруулж байгаатай холбоотой татварын 5 хуулинд өөрчлөлт оруулсан. Үүний нэг нь хувьцааны шилжүүлгийн 30 хувийн асуудал. Харамсалтай нь олонхийн саналаар энэ санал дэмжигдсэн.