Чинзориг.С 2017.11.09 | Сайт: Vip76.mn

С.Чинзориг: Хүүхдийн мөнгө эзэддээ хүрч эхэллээ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2017 оны төсвийн тодотголын талаар гаргасан УИХ-ын тогтоол батлагдаж хүүхдийн мөнгө олгогдож эхэллээ.

Өнгөрсөн 8 дугаар сараас хойш төсөв байхгүй гэсэн шалтгаанаар зогсоод байсан хүүхдийн мөнгөний олголтыг 2017 оны төсвийн тодотголыг баталснаар нөхөн олгохоор болсон. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьснаар энэ асуудал хойшлогдоод байсан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдрийн чуулган дээр дараах байр суурийг илэрхийлсэн.

Чуулганы үеэр

Бид энэ оны төсөвт туссан хүүхдийн мөнгөнд зориулсан мөнгөө дуусгасан. 8 сараас хойш хүүхдийн мөнгөө олгож чадаагүй. 2017 оны төсвийн тодотголд 8 сараас хойшхи хүүхдийн мөнгийг олгох шаардлагатай байгаа 104,5 тэрбум төгрөгийг тусгасан. Энэ хоригийг хүлээж авбал хүүхдийн мөнгийг олгох асуудал бүрмөсөн зогсох нөхцөл байдал үүсч байна. Тиймээс энэ хоригийг хүлээж авах боломжгүй.

Ийнхүү гишүүдийн дунд санал хураалт явуулахад Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй хэмээн шийдсэнээр тогтоолын төслийг баталж, хүүхдийн мөнгийг олгож эхэллээ.

Энэ талаар салбарын сайд фэйсбүүк хуудаснаа: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас хүүхэд бүрийн нэрийн данс руу наймаас аравдугаар сарын мөнгийг бүрэн шилжүүлэх ажлыг хийж эхлээд байна. Төсвийн тодотголд хүүхдийн мөнгө олгоход зориулан 62,5 тэрбум төгрөг тусгасан нь ийн эзэддээ хүрч байна гэсэн үг” хэмээн мэдэгдсэн байна.

Сангийн яамнаас Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын данс руу илгээсэн санхүүжилтээр 8-10 дугаар сарын хүүхдийн мөнгийг олгож буй бөгөөд 11, 12-р сарын мөнгийг тухайн сарын 20-ноос хойш сонгосон банкнаасаа авах боломжтой болох юм байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn